shudarga_mn_1401328183_images

Монголчууд Холливудын тулаант киноны од Стивен Сигал гэдэг хүргэнтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоос бараг арваад жилийн өмнө  Чингис хааны тухай кино хийхээр Монголд сүр дуулиантай зочлоод буцсан Холливудын жүжигчин  Г.Эрдэнэтуяа хэмээх Монгол бүсгүйг өөрийн нарийн бичгээр ажиллуулна хэмээн дагуулж явж байсан түүхтэй. Стивен Сигал тун удалгүй мөнөөх Монгол бүсгүйтэй хамтын амьдралаа эхлүүлж, хүүтэй болсон. Тэрээр хүүдээ Kun-zang Seagal хэмээх нэр хайрласан бөгөөд  энэ нэрийг Монголчилбол Төгсбаясгалант хэмээх утгатай гэнэ. Kun-zang Seagal хүү  Стивен Сигалын хувьд долоо дахь хүүхэд нь бол Г.Эрдэнэтуяагийн хувьд анхны хүү.

Холливудын алдартай жүжигчинтэй дэр нэгтгэсэн Г.Эрдэнэтуяагийн  хувьд япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын гарын шавь нарынх нь нэг. Өөрийгөө Монгол цустай Монгол хүн, эмээ, өвөө маань  Хиагт хавиар нутаглаж байсан  гэж ярих дуртай Холливудын алдарт од Стивен Сигал Монгол эхнэртэй, бас Монгол ламтай. Тэрбээр гэвш лам Д.Тайвансайхан гэгч залуутай хамт дэлхийн олон орноор буяны ажил хийсэн гэнэ. Ямартай ч Стивен Сигал өөрийгөө Монгол угсааны хүн гэж бидэнд ойлгуулах гэж тун их хичээдэг. Түүний энэ хүсэл мөрөөдлийг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай бүүр хөөргөж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэртэй нэвтрүүлэгтээ түүнийг урьж оролцуулахдаа гайгүй сайн рекламдаж өгсөн удаатай. Энэ нэвтрүүлгийн үеэр “Гар хуруу нь жүжигчин хүнийх шиг уяхан туяхан бус, жинхэнэ морь малтай ноцолддог хөдөөх эрсийн хүдэр бадируун гар мөн. Царай зүс нь яг манай төрөл садан мөн шүү. Дорнын хүний байж байгаа төрх яг мөн дөө, хөөрхий минь” хэмээн уулга алдаж, баахан хүнийг уяраасан удаатай. Гэвч Холливудын нэртэй жүжигчин маань Монгол эхнэртэй, монгол ламтай, бас монгол бизнесменд багагүй хэмжээний өртэй болоод байгаа гэнэ. Тэрээр эхнэр хүүхдээ дагуулан ирээд буцахдаа нэгэн Монгол бизнесменээс 100 гаруй  мянган ам доллар зээлж, тун удахгүй буцааж өгнө хэмээн баталгаа гаргаж өгөх нь халаг болжээ.

Монголд суурьшиж, кино хийж, бас бизнест ч хамтран ажиллах боломжтой гэж тэрээр өнөөх бизнесменээ зад уяраагаад мөнгийг нь аваад явсан ч ор сураггүй алга болжээ. Холливудын нэртэй жүжигчин эрд мөнгөө өгөөд алдсан тус компани байн байн захиа бичиж, туслахуудтай нь утсаар ярьсан ч Стивен Сигалтай холбогдож чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Өнгөрсөн намар Стивен Сигалын эхнэр Эрдэнэтуяаг Монголд ирэх үеэр тус компанийнхан уулзаж, өр зээлийнх нь асуудлыг сануулсан ч тэрээр “Би мэдэхгүй. Та нар өөртэй нь холбоо барих хэрэгтэй” гэж хэлсэн гэнэ. Нэгэнт өөрөө өөрийгөө Монгол хүн гэж ярьдаг,

Монголтой тун ойр холбоотой байдаг Стивен Сигалийг Монголд ирнэ гэж тэд хүлээж байгаа ч сүүлийн үед найдлага тасраад байгаа сурагтай. Учир нь хаана л очино тухайн орныхоо иргэн гэж өөрийгөө ярьж явдаг Сигал сүүлийн үед өөрөө, өөрийгөө орос хүн гэж зарлаж,  болсон учраас тэд Холливудын алдартай жүжигчинтэй дахиж уулзан мөнгөө авч чадна гэдэгтээ өөрсдөө итгэж чадахаа больжээ.