Гэр хороололд амьдарч байгаа дундаж насны эмэгтэйчүүд хамгийн их стресстэй байна
2022/08/12
“Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
Уг хуралд оролцож буй эрдэмтэн судлаачид нийт 29 илтгэл танилцуулах юм. Мөн тархи судлалын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, Монгол Улсад тархи судлалыг хөгжүүлэхийн тулд ямар зорилт тавьж ажиллах талаар салбарынхан хэлэлцэж байна. Эрдэм шинжилгээний хуралд
- БНСУ-ын Тархи Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч, профессор Пан Гил Сүү
- АНУ-ын Ратгерсийн их сургуулийн доктор, профессор Жипин Пан
- Япон Улсын Кёотогийн Их Сургуулийн доктор, профессор Тадаши Иса
- Олон Улсын “Нейросайнс рисерч ноутс” мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Майкл Линг
- ОХУ-ын Пушкиний нэрэмжит Улсын Орос хэлний хүрээлэнгийн Нейро-Харилцаа судалгааны лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.А.Варламов
- Төв Ази дахь Америкийн Их Сургуулийн дэд профессор М.А.Элина нар зочин эрдэмтнээр оролцож байгаа юм.
ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Ж.Цолмон "Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн байгуулагдсан. Энэ нь Монголын шинжлэх ухааны салбарт том алхам болсон.
Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн дэргэд дотоод шүүрэл, биологи молекул, нойр шүүрэл, нүүр ам судлалын нийт дөрвөн лаборатори байгуулсан. Цаашдаа Монгол хүнд нийцсэн эмчилгээний арга барилыг боловсруулах зорилготой ажиллаж байна" хэмээн хэлж байсан.
Түүнчлэн тархи судлал бол дэлхийд тэргүүлэх шинжлэх ухаан мөн. Тиймээс ч үүнийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг Монголын Нейросайнсийн нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Баттүвшин онцолсон юм.
Тэрбээр "Бид багажийн шинжилгээний үр дүнд суурилж, монголчуудын стрессийн түвшинд судалгаа хийсэн. Үүнээс харахад Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа дундаж насны эмэгтэйчүүд хамгийн их стресстэй амьдарч байна гэдгийг судалгааны үр дүн илтгэсэн. Энэ бол багажийн шинжилгээний үр дүнд суурилж хийсэн дүгнэлт.
Багажийн шинжилгээгээр стрессийг хэмжих боломжтой. Өөрөөр хэлбэл, стресст орох үед хүний сэтгэл хөдлөл, бие махбодод огцом өөрчлөлт илэрдэг. Тухайлбал, зүрхний цохилт түргэсэх, тархины цусан хангамж ихсэн гэх мэт.
Ямар нэгэн цацраг туяагаар хордуулалгүй, мэс ажилбар хийхгүйгээр хүний стрессийн түвшинг тогтоож болж байгаа юм. Энэ аргыг ашиглаад үзэхэд, хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс Улаанбаатарын гэр хороололд оршин сууж байгаа хүмүүсээс хамаагүй тайван амьдарч байна гэж гарсан.
Мэдээж хөдөө орон нутгаас хотод ирж амьдрах эсэх нь хувь хүний сонголт. Үүнийг хязгаарлаж хориглох эрх хэнд ч байхгүй. Харин стресст хамгийн их өртөж байгаа тэдгээр бүлгийн эрүүл мэндийг дэмжих нь чухал байгаа юм. Бид энэ судалгааг хийхдээ ямар нэгэн асуулт асууж, асуумж бөглүүлээгүй. Тархи судлалын хүрээлэнгээс багажийн шинжилгээний үр дүнд суурилж судалгаа хийсэн" гэсэн юм.