ГССҮТ эмч, ажилтнуудынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмж, 35 хүнд орон сууцны урьдчилгаа олгожээ
2022/08/15
Эрүүл мэндийн сайдын 2018 оны долдугаар сарын 20-ны А/295 дугаар тушаалын дагуу жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан.
Энэ хүрээнд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн удирдлагууд нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмжээ. Мөн 35 ажилтанд орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн эрхийн бичиг гардуулсан байна.
Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа наймдугаар сарын 1-10-ны хооронд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудаас судалгаа авч ГССҮТ-д 6-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгожээ. Түүнчлэн цаашид 10-15 жил тогтвортой ажиллах, өөрийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 35 эмч, эмнэлгийн ажилтныг сонгосон байна.
Мөн Удирдлагын зөвлөлийн хурал болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, бусад ажилчдын төлөөллийг оролцуулж нээлттэй шалгаруулалт зохион байгуулсан талаар мэдээллээ.