Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. Энэ үеэр багш боловсон хүчний хүрэлцээний талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир мэдээлэл өгөв. 

Тэрбээр "2022 оны зургаадугаар сард дутагдалтай багшийн судалгааг гаргасан.

Улсын хэмжээнд 2,962 багш дутагдана гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1,398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа байдаг. Харин эсрэгээрээ боловсрол судлал болон багш мэргэжлээр 3,500 орчим оюутан залуус төгсөж, ажлын байранд гарч байна.

Гэхдээ төгсөж буй оюутнуудыг дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөө орон нутаг руу явахгүй байгаа учраас орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, цалин хөлс, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм байна. Ингэснээр залуу багш нарыг зөв тархаан байршуулах боломжтой. Түүнчлэн гэнэтийн шилжилт хөдөлгөөнүүд нөлөөлж байна. Жишээ нь, Улаанбаатар хот руу гэнэт нүүж ирдэг. Улмаар орон нутагт нь ажлын байр сулардаг асуудал бий. Мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага солигдоход багш нар дагаад хөдөлгөөнд ордог" хэмээн хэлэв. 

Одоогийн сургалт, төлөвлөгөөгөөр явбал 2030 онд Монгол Улсын ЕБС-ийн багшийн тоо ойролцоогоор 45 мянгад хүрнэ. Тэгэхээр багш бэлтгэх бодлоготой хөтөлбөр төлөвлөгөөг хэрхэн уялдуулах бодлого давхар яригдах ёстой гэдгийг нэмж хэллээ. 

ВИДЕО: