Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно
2022/08/27
Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан билээ.
Энэ дагуу өнөөдөр /бямба гараг/ сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орохыг дахин сануулж байна.
Уг зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ.
Ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй аж.
Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км/цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн.
Манай улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл байдаг бол үүний 695,424 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Эдгээрийг улсын дугаарын сүүлийн орноор нь ангилан үзвэл,
- 46 хувь нь сондгой (1, 3, 5, 7, 9)
- 54 хувь нь тэгш (0, 2, 4, 6, 8) тоогоор төгссөн дугаартай аж.