Хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд халаасны хулгайн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэйг анхааруулж байна
2022/08/30
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн хулгайн гэмт хэргийн гаралт өсөх эрсдэлтэй байдаг гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн хэллээ.
Тэрбээр "Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед оюутнууд халаасны хулгайн гэмт хэрэгт их өртдөг. Ялангуяа, хөдөө орон нутгаас ирж байгаа нэгдүгээр дамжааны оюутнууд хотын соёлыг сайн мэдэхгүй, хаана ямар гэмт хэрэг үйлдэгддэг гэдгийг анзаарахгүй байх тохиолдол байдаг. Тийм учраас цагдаагийн байгууллагаас удирдах албан тушаалтай алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч байна.
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир иргэд та бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийнхөө эд зүйлийг хараа хяналттай авч явах хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
17.1 дүгээр зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.