Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна
2022/08/31
Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.
Энэ үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан цаашид дээд боловсролын тогтолцоог хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй талаар дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Тэр докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна.
Манай улсын өнөөгийн академик тогтолцоо бол маш буруу тогтолцоо. Үүнийг шинэчлэх ёстой. Энэ бол БНХАУ, ОХУ-д л байгаа социализмын үеийн тогтолцоо яваад байгаа. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтайгаа хамтарсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Бид үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. АШУҮИС дэр эрүүл мэндийн хүрээлэнгүүд, Япон-Монголын эмнэлгийг нь нэгтгэж, Монгол Улсад их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан" гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг.
Сонирхуулахад, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байдаг аж.
Плагиаризм(plagiarism) - Зохиол, бүтээлийн хулгай