СУДАЛГАА: Туслах малчдын хүүхдүүдийн 27.4% нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг ч үүнийхээ төлөө цалин хөлс авдаггүй
2022/08/31
“Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн судалгааны үр дүнг Хүний Эрхий Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өнөөдөр танилцууллаа.
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн, төслийн захирал Х.Мөнхзул "Улсын хэмжээнд 20,000 гаруй иргэн туслах малчнаар ажиллаж байна. Туслах малчны хөдөлмөрийн харилцаа нь ердийн хөдөлмөрийн харилцаанаас тэс өөр. Ихэнхдээ аман тохиролцоогоор зохицуулж байна гэсэн үг. Албан ёсны гэрээ байгуулдаггүй учраас хөдөлмөрлөх эрхийн маш олон зөрчил гардаг. Тухайлбал, цалин хөлсөө ихэвчлэн мөнгөн бус хэлбэрээр авдаг учраас туслах малчны аж амьдралд хүрэлцдэггүй. Мөн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажилладаг. Энэ мэтчилэн хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй асуудлууд байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлсан заалт оруулах асуудлыг судалгаанд үндэслэж тавьсан" хэмээн хэлэв.
Европын Холбооны санхүүжилтээр ХЭҮК-оос "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг 2020-2021 онд Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд хийсэн судалгаанд зургаан аймаг 18 сумын 1,244 малчныг хамруулсан байна.
Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны зарим тоон мэдээллийг хүргэж байна. Тодруулбал,
Туслах малчин 3 өрх тутмын 2 нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай бөгөөд тэдний цалин, нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн зах зээлд тогтсон цалин хөлсний жишгээс доогуур тооцож олгох нь түгээмэл байна.
Туслах малчдын 94.6 хувь нь долоо хоногийн өдөр бүр амралтгүй ажилладаг бөгөөд эрэгтэйчүүд өдөрт 10.28 цаг, эмэгтэйчүүд 9.65 цаг ажилладаг байна.
Судалгаанд хамрагдсан туслах малчдын 8.6 хувь буюу нийт 101 малчин бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байжээ.
Судалгаанд хамрагдсан туслах малчдын хүүхдүүдийн 27.4 хувь нь буюу 129 хүүхэд ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг, үүнийхээ төлөө цалин хөлс авдаггүй.
Туслах малчдын 8.6 хувь буюу нийт 101 малчин ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байжээ. Тодруулбал, 13.4 хувь нь сэтгэл санааны, 4.6 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.
Хүчирхийлэл үзүүлж буй хүмүүсийн 18.3 хувь нь ажил олгогч малчин, 27.2 хувь нь тэдгээрийн гэр бүлийн гишүүд байна.
Хүчирхийлэлд өртсөн туслах малчдын 10 хувь нь цагдаагийн хамгаалалт үйлчилгээ, мөн 10 хувь нь шүүхийн болон бусад хуулийн байгууллагын үйлчилгээ, 80 хувь нь ямар нэгэн тусламж аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй байна.
Малчин өрхүүд эрүүл мэндийн үйлчилгээнээс дунджаар 23.5 км алслагдмал амьдарч байна.
Эмнэлгийн тусламж авч чаддаггүй шалтгаан нь оршин суугаа газрын иргэний харьяалал байхгүй, зав чөлөө муутай, эдийн засгийн боломж муу, эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Нийт малчид ихэвчлэн өвчнийг хүндэрсэн үед нь оношлуулж, эмчлүүлдэг.
Зочин · 2022/08/31
арчаагүй тэнэг амьтад л туслах малчин хийдэг мал өгөөд цалинжуулаад ялгаагүй бурхнаас заяасан өгөгдөл нь л энэ одоо яалтай