Ачаа тээврийн үнэ бусад улс орноос ирээд, Монгол дотроо нийт тээврийн зардлын 40 хувь нэмэгддэг аж. Энэ талаар контейнер тээвэр эрхэлдэг иргэн С.Мөнхөөс тодруулахад “Би контейнер оруулж ирдэг. Тээврийн компаниас өгсөн үнийн саналаар гаргасан тооцооллын дагуу тээврийн үнэ өртгийг төлдөг. Монголд яагаад ийм өндөр үнэтэй байгааг би ч өөрөө сайн ойлгохгүй л байна. Гэхдээ дотоод тээвэр ийм өндөр байх ёсгүй. Монложистик гэх мэт тээвэр зуучийн компанитай холбогдоод, А цэгээс Улаанбаатар хүрэх үнийн санал авна. Тэд задаргаатай санал өгнө. Үндсэндээ тэгээд л болдог доо. Задаргаа нь Замын-Үүд-Улаанбаатар нэг ширхэг 20 тн контейнер 5 сая төгрөг нэмээд дэлхийн хаа нэг цэгээс Замын-Үүд хүртэлх үнэ гэсэн байдлаар ирдэг” гэв.


Мөн Замын-Үүдэд задгай тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан жолооч Д.Мөнхбатаас энэ талаар тодрууллаа.


-Дэлхийн хаа нэгтээгээс ачаа тээвэр ирээд Замын-Үүдээс Улаанбаатар хот орох тээврийн зардал нь нийт зардлын 40 хувь байдаг гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Дэлхийн хаа нэгтэйгээс Монгол руу ачаа тээвэр ороод ирчихлээ гэж бодъё. Энэ үнэ дээр нь Гааль, Мэргэжлийн хяналтын нэгдсэн үйл ажиллагаа, татвар зэрэг төрийн байгууллагууд болон хилийн гацалт, мөн гаалийн татвар нэмэгдээд ачаа барааны үнийг шууд өсгөөд байгаа юм.

-Энэ үнийг буулгах боломжтой юу?

-Буулгах боломжтой. Хил гаалиа л чөлөөтэй болгох ёстой.

-Дээрээс нь чингэлгийн түрээс гээд бас нэмэгдэж байгаа шүү дээ?

-Ачих тоолонд чингэлэг тээвэр гэдэг чинь мөнгө нэхэж байдаг эд байхгүй юу. Чингэлэг тээвэр чинь амьгүй эд биш, амьтай байхгүй юу. Чингэлэг хаана зогсож байна. Тэнд чинь мөнгө гүйж байгаа. Тэр мөнгө хэнээс гарах вэ гэвэл хэрэглэгч энгийн ард иргэдээс гарч байгаа. Контейнерийн эзэн бол зүгээр л чингэлгээ түрээслүүлчихээд мөнгө нь данс руу нь орж л байдаг ийм систем рүү оруулчихсан.

-Чингэлэг тээврийн терминалиуд, өртөөнөөс тайлбар хийхдээ чингэлэг тээвэртэй ачаа бараагаа иргэд авахгүй байгаа болохоор бөөгнөрөл үүсч, шинэ ачаа бараа авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэх зүйл ярьж байна лээ. Үүнийг та бүхэн хэрхэн хүлээж авав?

-Тэгж л тайлбарлаж байна лээ. Чингэлэг тээврийн асуудлуудыг зүгээр л тухайн үед нь аргалаад л өнгөрчихдөг. Түүнээс яг бодит байдлыг ярьдаггүй. Юунаас болоод чингэлэг тээврийн үнэ өсөөд байгаа юм бэ. Хэрэглэгч нь нэг чингэлэг орж ирэхэд 20 төгрөгөөр орж ирнэ гэж төсөөллөө гэж бодъё. Гэтэл цаанаас хямд орж ирсэн чингэлэг нь хүнд суртал, авлигыг чинь давсаар байгаад 20 төгрөг чинь 80 төгрөг болчихоор анх захиалсан үнээс 4 дахин өсчихөөр авч чадахгүй шүү дээ. Гол нь тэр төлбөрөө дийлэхээ больчихоод байгаа байхгүй юу. Монголд болж бүтэж байгаа юм юу ч алга. Төр засгийн удирдлагууд нь дэлхийн хэмжээний том том удирдагчдыг эх орондоо урьж залж авчрахаас өөр ажил хийхгүй байна. Тэгж л өөрсдийн пиарыг өсгөж байгаа. Түүнээс өөр хийж байгаа юм юу ч алга. Ард иргэд нь амьдралгүй, мөнгөгүй, банк нь гацчихсан. Иргэд нь банкны төлбөрөө төлж дийлэхээ болиод буцаагаад нөгөө банк нь зээл гаргаж өгч чадахгүйд хүрчихсэн. Ачаа бараа нь бас гацчихсан. Орж ирсэн байлаа гэхэд тэр контейнерийг задлаад бараагаа аваад заръя гэхээр ямар ч ашиггүй болчихсон. Ийм л нөхцөл байдал руу манай улс орчихлоо.

-Яг одоогоор Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна. Өөрчлөгдсөн зүйл бий юү?

-Юу ч өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ. Нэгдүгээр сарын хэдэнд чингэлэг тээвэр хэдээр явж эхэлсэн яг тэр хэвээрээ байгаа.

-Хилийн цэргийн машинууд явж байгаа юу?

-Явж байгаа. Өдөрт Хилийн цэргийн машинтай нийлэх юм бол 90 чингэлэг орж ирж байна. Түүнээс өөр Замын-Үүдэд болж байгаа юм юу ч алга.

-Чингэлэг тээврийг болиулж, задгай тээвэр явуулъя гэсэн хүсэлтийн тань хариу ирсэн үү?

-Хариу ирсэн. Хятад тал боломжгүй гэсэн худал хариу хэлж биднийг аргалаад л байна. Үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, ард түмэн ядарчихсан ийм л байдалтай байна.

-Нүүрс тээвэр гарч байгаа юу?

-Хилийн цэргийн 30 машин гарахдаа нүүрс, орохдоо ачаа бараа ачиж хоёр талдаа яваад байгаа. Тэгж тэд чинь ашгаа хийгээд байгаа юм. Нүүрс бол хүссэн хүсээгүй гарна. Нүүрс өндөр үнэтэй болчихсон. Замын-Үүдээр маш хямдаар гаргаж байна.