Зарим нэгнийх нь “дайран дээр давс үрж”, нөгөө хэсгийнх нь “хатсныг дэвтээн мартсныг сануулан” байж “Тамгагүй төр”-ийг шинээр найруулсан “Хийроо” Баатар жүжгээсээ ч сонин нэгэн... Харин, яагаад тээр тэнд өөрийн тайзан дээр “Татар ажиллагаа” найруулж явсан Хийроо баатар юуны учир “Мояа ажиллагаан”-нд татагдан орсныг бүү мэд. ​Түүнийг авъяастай бас чадвартай байхыг хүссэн боловч тэр нь заяагаагүйгээс эргэн тойрондоо өширхсөндөө тэгсэн гэх үндэслэл үгүй.


 

“ХИЙРОО”

 

-Тамгагүй төр жүжгийн улс төрийн тойм-

Лицензгүй төр

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолоор “Хийроо” Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжиг саяхан 100 дахь тоглолтоо хийжээ. Олон үзэгчийн төсөөлснөөс ч давсан тавилт, шийдэл, найруулгатай эл жүжгийн талаар бөөн бөөн сайхан сэтгэгдэл, хөөрөл... Гэвч олон түмэнд сэтгэгдэл төрдөг, хувь хүн бодол санаагаа илэрхийлдэг. Бодол санаанууд хаана явна вэ, тэгвэл? Үүний учрыг хамтдаа хайцгаая.

      ...Найруулга, тавилтын шинэлэг тал, ололтоос илүүтэйгээр түүнийг тойрсон улс төр сонирхолтой байгаа юм. Бараг таг мартагдаж байснаа саяхан эргэн амилсан энэ жүжиг, түүний агуулга нь манай улс төрийн амьдралын толь болоод байгаа билээ. Яагаад гэхээр, ийм юм.

   1990 онд Монгол ардчилсан хувьсгал ялсан боловч 1996 онд ХХ зууны түүхэнд анх удаагаа Засгийн эрхэнд улс төрийн өөр хүчин гарч ирлээ. МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл энэ сонгуулиар ялалт байгуулсан юм. Энэ ялалт нь ялагч (“Ардчилсан холбоо” эвсэл), ялагдагч (МАХН), ялуулагч (Сонгогчид) гурвууланг нь пааникт оруулсан байдаг. 

      Нэгдүгээрт, нийгмийг өөрчлөх санаа зоригоор нэгдэхдээ “Зөвхөн МАХН-ыг л унагах” гэдгээс бусад дээр санаа олигтой нийлээгүй явсан Ардчиллынхан эхлээд хямралд оров. Ялах л гэж зургаа долоон жил хамтдаа зүтгэсэн тэдэнд ялсны дараа тэгнэ, ингэнэ гэсэн нэгдмэл санаа байсангүй. 

     Хоёрдугаарт, ялагдал гээчийг анх удаагаа үзсэн МАХН нь шооктой. Монгол хүн л юм хойно “яагаад ялагдав” хэмээн учир шалтгааныг хайхын оронд “Хэнээс болж ялагдав” гэлцэн буруутныг эрэв.

     Гуравдугаарт, ХХ зууны турш хөгжлийг удаан үргэлжлэх процесс утгаар биш, тодорхой анги шатруу хийх шилжилт гэдэг номлол заалгасан монголчууд ч ардчилал ялангуут л “хөл хөсөр, газар тавин жаргах” юм бодож байлаа. ХХ зууны хүнд бэрх бүхнийг туулахдаа, яаж ийж байгаад коммунизмд ороод авбал нь “нийгмийн баялгаас хэрэгцээнийхээ хэрээр авна” гэсэн сурталд үнэмшин хүнд бэрхийг давж байсан юм. Яг энэ утгаараа “Ардчилсан холбоо” эвслийг Засгийн эрхэнд гаргаснаар монголчууд “ардчилалд дэвшин орох” ба “дэлгүүрээс мөнгөнийхээ хэмжээгээр биш, хэрэгцээнийхээ хэрээр юм авдаг” диваажин нээгдэнэ гэж бодсон. 

     Дашрамд дурьдахад, одоог хүртэл манайд тогтсон улс төрийн чиг бодлоготой, түүнийг нь ухааран дэмждэг гишүүнтэй тийм улс төрийн нам бүрэлдэж амжаагүй байна. Ардчилсан хүчний хүмүүс “МАН-ын өнгөрсөн бузар булайг дуудах” талаараа ижилсэж байхад, МАН-ын гишүүд дэмжигчид “Ардчиллаар бий болсон бүхнийг гутаан муучлах” тал дээр эв санаа нэгтэй. Манайд үүнээс өөр үзэл суртал хараахан бий болоогүй.

  Ингээд ард түмэн ч учраа олоогүй, Ардчилсан хүчин нь ч юугаа ч сэхээрээгүй бантагнаж байх зуур МАХН харин зүг чигээ олж амжив. Монгол л хүн юм чинь үзэн ядалт, дургүйцлээрээ дорхноо нэгдлээ. Ийнхүү үзэл бодлын эрэлд хатаад “Нагаржунагийн Төв үзэл” ч гэх шиг марзан сарзан юм бие дээрээ нааж “Марсизм ч үгүй, Маанигамбум ч үгүй” явсан МАХН-ынхан харин ч нэг нэгдмэл үзэл санаатай болоод авлаа. Тэр нь юү гэвэл Ардчилсан нам, ерөөс ардчилалтай холбоотой бүхнийг нийлж “булли”-дэх. Ялагдсныхаа буруутанг олов. Алдааг засснаас буруутанг гэсгээсэн нь амар. Эндээс, “Хэн ардчиллыг сайн гутаана, тэр шилдэг МАХ(н)чин”аар үнэлэгдэж, Зэнээ гуай, Баянжаргал гуай зэрэг үзэл суртлын “супер стар”-ууд тодорч байсан цаг. 

     Ийнхүү “Монголын төрийн уламжлал тасарлаа”, “Чингисээ байг гэхэд Цэдэнбал дарга янзалсан төрийг ардчиллынхан баллаад дууслаа” гэсэн үзэл суртал хөгжүүллээ. Түүхэнд анх удаа Ардчилсан шинэ хүчин сонгуульд ялсан нь“Монголын төрийг барих мандаатгүй” буюу төрийн тамгагүй хэсэг этгээд Засаглалыг булаасан хэрэг аж.

     Монголд төрийн эрх мэдэл тамганд байдаг. Аль нэг сайд даргыг солих ажил тамга хүлээлцснээр шийдэгдэх ба цаад этгээд нь тамгаа аваад зугтвал төрийн хэрэг шилждэггүй уламжлалтай. Энэ уламжлал хаанаас үүдсэн гэхээр, тал нутгийн онцлогоос урган гарсан юм. Иргэншсэн ертөнцийн хот сууринд ноёрхлоо тогтоож чадвал иргэд нь захирагдаад явдаг. Гэтэл асар уудам, эзгүй бэлчээрийнхээ хаа нэгтэй явж байдаг нүүдэлчдийг тэгэх аргагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд төрийн бэлгэдлийг яаж ийгээд гартаа оруулах хэрэгтэй болно. Гартаа оруулах арга хэлбэр нь сонин биш. Хулгайлсан ч болно. Монголд сонгуулийн луйврыг юман чинээн санадаггүйг дашрамд тэмдэглэе.

     Монголчуудын төрийн бэлгэдэл, лиценз нь тамга ажгуу. Ямар нэгэн аргаар тамгыг нь л гартаа оруулаад авбал сонгуульд ялалт байгууллаа гэсэн үг. Энэ онцлогийг сайн мэдэх манж нар Юань гүрний хааны лиценз буюу Хубилайн тамгыг гартаа оруулсан гэдэг суртлын зар тарааснаар Өмнөд Монголчуудыг амархаан дагуулсан байдаг. Хожим халхууд ч тэднээс өмгөөлөл эрэн очихдоо Хятадын Мин улсыг мөхөөж Хубилайн Юань гүрнийг сэргээсэн утгаар нь Манжид хандаж байв.

  Энэ утгаар харвал төрийн тамгыг нь гартаа оруулаагүй л бол хээр талд мянга хүчирхэг байгаад нэмэргүй, хичнээн уудам нутагт ноёрхоод ч утгагүй бөлгөө. Дундад Азийг бараг бүтнээр захирсан гүрэн бүхий Зүүнгарын Галдан бошигт хаан ч гэсэн Халхын алга дарам газар руу үйлээ эрж довтолсон нь Их “Монголын төрийг барих лиценз”-ийн хойноос амь тэмцсэн хэрэг ажгуу.

    1996 оны сонгуульд ялсан “Ардчилсан холбоо” эвслийнхэн засаг барих туршлагагүй нь нүдэн дээр илт. Угаасаа туршлагагүй төдийгүй, тийм хувь заяагүй улс бололтой. Байн, байн засаг солигдож, Ерөнхий сайдаа томилж чадахгүй гацаж, бөөн урвагчид 13, 13-аараа төрөн гарч, яван явсаар удирдагч С.Зоригийгоо алуулсан нь үүнийг батлах мэт ажээ.

Давхар эфээкт

  Яг ийм үзэл суртлын урсгал дундуур алдарт зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиосон “Тамгагүй төр” жүжиг тайзанд амиллаа. Нэг хэсэг Их хурлын гишүүн хийж, МАХН-ыг төлөөлж байгаад улс төрөөс хөндийрсэн тэрбээр уран бүтээлдээ эргэн орж жүжгийн зохиол туурвисан аж. Тэрбээр юу бодож бичсэнийг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Магадгүй олон жилийн турш бодож явсан сонгодог санаагаа, сая нэг эвлүүлэн амилуулж туурвисан хугацаа нь тэгж таарсан байж ч болно. Ер нь тэгсэн ч байх.

     Гэхдээ, ардчилсан хүчнийхэн “Тамгагүй төр” жүжгээрээ “биднийг хэлж байна” хэмээн эмзэглэн хүлээж авсан. Б.Лхагвасүрэн МАХН-ын суудал дээр Парламентад сууж байсан нь үүнийг улам ч үнэмшилтэй болгох. 

     Ардчилалд дургүй байх, Ардчилсан хүчнийг гутаахыг өөрийн үзэл санаа гэж ойлгодог МАХ-ныхан “ Тэднийг хэлж байгаа” гэж бодсон нь эргэлзээгүй. Ингэх үүрэгтэй хүн нь МАХН-ын суудал дээр Парламентад сууж байсан Б.Лхагвасүрэн мөөн гэж бодсон ч байх. 

    Хоорондоо учраа олоод Ерөнхий сайдаа ч томилуулж чаддаггүй муусайн юмнуудыг “ёстой сайхан хэллээ” гэж олон түмэн ч гэсэн итгэсэн байх. Муусайн жулдрайнуудад энэ анзааны юм хэлэх учиртай хүн нь ард түмний хайрыг хүлээсэн Лхагвасүрэн найрагчаас өөр хэн байх билээ хэмээн бодоцгоосон ч байх.

     Тухайн үеийн тавилт нь тэгсгээд чимээгүй болсон. Хүмүүс жүжгээс нь бус нэрнээс нь хүртэх ёстойгоо хүртээд өнгөрсөн ажээ. Хоёр өөр найруулагчийн тавилтын ялгаанаас эхлээд, дүрийг аль нь яаж хөгжүүлсэн байдлыг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь үүнийг нотлох мэт. Ердөө л нийгмийн оюун санаанд “Манайхныг хэлсэн” , “Нөгөөдүүлийг сайхан зүйрлэсэн” , “Муусайн ардчиллынхныг янзтай дүрсэлсэн” нэг тийм уран бүтээл гараад өнгөрсөн гэсэн дурсамж үлдсэн ажээ.

    Нөгөө талаас нь Бавуугийн Лхагвасүрэнгийн өөрийн “эфээкт” бас нөлөөлжээ. Нэгэнт алдаршин хүлээн зөвшөөрөгдсөн түүний үг бүхнийг сонгодог хэмээн хүлээн авдаг үзэгч уншигчдынх нь эфээктийг хэлж байна. Тэд Бавуугийн Лхагвасүрэн зүгээр нэг юм огт хийгээгүй, заавал нэг далд утгатай л байж таараа хэмээн олон түмэн үздгээс болж домгийн сэдэвтэй эмгэнэлт зохиолыг нь хэт орчин үежүүлэн ойлгосон байх талтай. Жишээлэхэд, энэхүү жүжигт гардаг “Ухаан чинь чамайг хатан болгоогүй, Умай чинь чамайг хатан болгосон” хэмээх “аймаар” үг Лхагвасүрэнгийх учраас л болоод байгаагаас, өөр нэгэн хэлсэн болжгэм Хууль зүйн яамын Эротикийн зөвлөлөөр орох ч багадна. Олон түмэн нүүр рүү нулимаж “Нэртэйгээр нь чи эхийн хэвлийд олдсон өдрөө “Ээж, аав хоёр  яалцсан өдөр” гэх чинь яагаав” хэмээн давшлах энүүхэнд. Ер нь захын нэг нөхөр энэ жүжгийг бичсэн бол “Ардчилсан холбооны Тамгагүй төр” гэж нэрлээд ч нэмэргүй, тэгсгээд мартагдах байсан нь лавтай. Авъяас билгийн эфээктээ гэж... 

   Иймээс “Тамгагүй төр”-ийг өнөөдөр улс төрөөс холуур болгон тайлбарлах нь үр дүн муутай. Уг зохиолд гомдсон, өөрсдийгөө доромжлогдсон гэж үзсэн, эсвэл тэндээс бах таваа хангасан үеийнхнийг элж дуустал ойрын хэдэн жилдээ тийм л байх болно. 

     Ялангуяа, өрсөлдөгч тал нь үнэмлэхүй ялсан, өөрийн нам нь эвлэршгүй хоёр хэсэгт хуваагдсанд санаа сэтгэл нэн дульхан яваа ардчилсан холбооны өвгөн партизанууд эл жүжгийг “Ардчиллынхнаар ахиад яасан ч Засаг бариулж болохгүй” гэсэн улс төрийн гэрээс шахуу хэмжээнд эмзэгээр хүлээн авч байгааг хэлэх үү? 

    Яг л байнга балгадаг хэн нэгэн цоо эрүүл явж байхдаа шон мөргөсөн гэдгээ үнэмшүүлэхээр мэтгэх шиг ч юмуу даа. Дуулианы эзэн болоод байгаа “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг тойрсон улс төр товчдоо нэг иймэрхүү.

“Герой нашего времени”[i]

Зарим нэгнийх нь “дайран дээр давс үрж”, нөгөө хэсгийнх нь “хатсныг дэвтээн мартсныг сануулан” байж “Тамгагүй төр”-ийг шинээр найруулсан “Хийроо” Баатар жүжгээсээ ч сонин нэгэн.

      Баатар найруулагч студидээ өөрийн нэрээ англиар орчуулан “HERO” хэмээснийг нь манайхан “Хийроо” болгон дуудаж түүнийг овоглох болсон. Овгоосоо үл хамаараад “Хийроо Баатар” бол үнэхээр М.Лермонтовын тодорхойлсон “Герой нашего времени” бол мөөн. Учир нь тэр бол авъяастан. Манайхан нөгөө “Их ч уйллаа, гүймөн сайхан кино юмаа” гэдгүүдээ хийж явтал дундуур нь “Би чамд хайртай-II”, “Татар ажиллагаа” зэрэг тун догь бүтээлүүдээ барьсан “Хийроо” Баатар тодрон гарч ирсэн билээ. 

    Удалгүй “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх төсөл нь гялалзсан амжилт дагуулав. Тэр төсөл бол манай энтэртаймэнт ертөнцийн шинэ шат, шинэ үзэгдэл. Хожмын судлаачид Монголын телевизийн хөгжлийн үе шатыг эгээ л нийтийн он тооллыг “МЭӨ ба МЭ” гэж хуваадаг шиг “100 эрхмээс өмнөх ба хойшхи” хэмээн ангилах ч байх. Өнөөг хүртэл түүнийг дууриасан нь л байхаас давсан нь үгүй. 

     Ер нь “Хийроо” юу л хийнэ, тултал хийх аж. Бүтэн өдөр явсан ч уйдалгүй үзэж болдог “Бүрэн зураглал” нэвтрүүлэг байна. За тэр, сүүлд хийдэг “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн хандив цуглуулан, Цэдэнбал гуай орос авгай Филатоваг “Дара-Эх”-ээр тодруулангаа алддаг нэвтрүүлэг байна. Манай урлаг соёлын ертөнцийн “од ба чийдэн”-гүүд тэнд Филатова авгайг дурсан эхэр татаж байлаа. Тэдний цөөнгүй нь Филатова гуайн буянаар хүний биеийг олсон, нарийн яривал аав ээж хоёрыг нь нөгөө юу яах үед тэр авгай лаа барьчихсан заавардаж байж гэж ойлгохоор харагдсан, базарваань. Ингэж л хийдэг “Хийроо”!

    Яван явсаар, Хийрообаатарын “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл Жэнко Баттулгын төсөл болон хувирч эхэллээ. Баатар ч өөрөө “Урлагийн HERO” бус “Жэнко-гийн герой” болон бойжих болов. Төслийн чанар ч мундаг хэвээр, найруулагч нь “Хийроогоо” бататгахын зэрэгцээ агуулга нь аажуу аажуугаар Ардчиллын гол удирдагч нь Элбэгдорж нар бишийг хэлж, улмаар Женко өөрөө хувьсгал хийлцсэн улсын нэг болсон төдийгүй голлон хөтлөгчийн нэг, хувьсгалын нууц ноёнтон-толгойлогч-байсан болоод ирлээ. Энэ хөтлөгч цаашдаа, Монгол туургатны 100 эрхмийг үзэгчтэй нь ч, улстай нь ч хөтлөн залуурдахын бэлгэ-билгүүн гэлтэй!

     “Монгол тулгатны 100 эрхэм" нь нийгмийн бахархал, айдас хоёрыг зэрэг төрүүлж эхэллээ. Нэвтрүүлгийнхээ тайзыг засах, тоног хэрэглэлээ суурилуулах, микрофоноо зүгшрүүлэх зуураа оролцогчийнхоо чөлөөтэй яриаг нууцаар бичин, санаандгүй алдсан байдлаар тараах болов. Эхний золиос нь экс тэргүүн хатагтай Цолмон болж таарав. Ганц юм задлаад, буу халангаа ярьсан зүйлс нь нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг айлын эхнэр, хүүхдүүдийн ээжийн хувьд тунч эвгүй байдалд оруулав. 

     Хийроогийн авъяас, аморализм хоёр зэрэгцэн хөгжих аж. Төсөл алдаршихын хэрээр, айдас дагуулсаар. Улмаар, алдартай хүмүүсийн хормой хотны явдлыг сөхөж, амьдынх нь нүүрийг түлж, үхснийх нь үр хүүхдийг эвгүй байдалд оруулна. Тухайн үедээ амьд сэрүүн явсан алдартай хүний эхнэр бага залуудаа Туулын шугуйд тэр тэрэнтэй сээгс хийсэн гэж хүртэл ярих энүүхэнд. Оролцогсод нь “Би юу юу ярьсан билээ, хэзээ ямар юм гараад ирэх бол” хэмээн айхаас гадна, алдар нэртэй олон хүн миний тухай, миний хань ижлийн тухай хэнээр юу яриулаад цус харвуулах бол гэж даралтаа ихэсгэнэ. Тэдний үр хүүхдийн тухайд хэлээд ч юүхэв. Энэ үед хүмүүс Хийроод гомдохоос илүү айдаг болчихсон байв. Зөвхөн түүнийг бахархаж л болно. Нэгэнт алдаршиж эхэлсэн түүний өөдөөс ерийн хатуу үг хэлэх зоригтон ч ховор. Хэн дургүйг нь хүргэнэ, тэр хүнийг агшин зуур “хужаагийн эрлийз”, “нийгмийн дайсан” болгож хаядаг Жэнко ард нь байсан болохоор хэн ч тэгж зориглохсон билээ.

      Нэвтрүүлэг хаашаа яваад байгааг хамгийн түрүүн анзаарсан хүн нь “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч, хөтлөгч П.Анужин бололтой. Хөөрхий бүсгүй энэнийхээ төлөөсөнд оюуны өмчөө булаалган(?), бүүр хөөгдөв. Хариугаа авах, “начингаа бататгах” давхар зорилгоор өөр нэртэй яг тийм нэвтрүүлэг хийсэн боловч хүмүүс “100 эрхэм шиг” хүлээн авсангүй. Учир нь түүнийг амилуулах “Хийроо” нь Монголд уртаашаа ганцхан байв. 

     Анужин үүнийхээ төлөө хэрхэн гутаан доромжлогдсонийг өгүүлэхэд үг багадна. ХХ зууны БНМАУ-д “зөвлөлтийн хүний сэтгэлд юм хийсэн” гэдэг айхавтар ял байсан юм. Яг түүн шиг Монгол дахь “гомдоож болдоггүй” хүний сэтгэлд юм хийсэн Анужинг хашраах, далимд нь нийгэмд айдас төрүүлэх кампанийн хүрээнд нэгэн бичлэг задрав. Гэтэл яасан гээч. Уламжлал ёсоор “өөрөө алдагдсан” байдлаар нийтэд тарсан тэр бичлэгт “Хийроо”-гийн өөрийн дуу хоолой байдаг байгаа! Юу гэсэн үг вэ? Эзнийхээ төлөө өөрийгөө ч золихоос сийхгүй гөлөг болтлоо доор орсон юм болов уу? Хийро шиг билэг авъяасын HERO байтугаа, захын ардын билигтэнд л бардам зан заяадаг хорвоосон, уг нь. 

   Эсвэл... Ямар ч байсан “Хийроо”-гоор бусдыг бичүүлээд зогсохгүй, “Хийроо”-г өөрийг нь бас “бичдэг” байсан байх нь уу? Хожмын өдөр нэрэндээ наалдсан будгийг арилгаж БААТАР гэдгээ харуулах боломж, бохирыг нь цайруулах “бэлийзнаа”,“азтооно” энэтэр энд ч байгаа юм билүү? Хүн төрөлхтөн юуг ч мартахаа байсан нь үнэн боловчиг наманчлалыг бол сонсдог хэвээрээ байгаа цаг.

    Эрхбиш нээлттэй нийгэмд байгаагийн буянаар Анужин Парламентийн гишүүн болж өөрийгээ түр аврав. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” төслийнхээ зохиогчийн эрхийн гэрчилгээг байн байн харуулаад ч хэн ч түүнийг өмөөрсөнгүй, өмөөрвөл хужаа болоод хонох юм чинь хэн л үүнийг хүсэх билээ. Хөтлөгч Анужинг тэр дор нь хөгжмийн зохиолч Жанцанноров, жүжигчин Сувд нараар орлуулан хөгжүүллээ. Үнэхээр дур сонирхолдоо хөтлөгдөн ажилласан уу, үгүй гэж хэлээд хужаа болохоос айсандаа хөтлөгчийн суудалд тэд суусан уу, хэн мэдлээ? Мэдээж, нэвтрүүлэг улам л үзүүштэй болсон, Хийро найруулж байгаа юм чинь хүнээр байтугаар амьтнаар хөтлүүлсэн ч алаад хаях юм хойно!

Сделано в Кремль[ii]

Уран бүтээлчийн диваажин бол хүссэн уран бүтээлээ туурвих боломж. Харин Хийроогийн “ЖэнкоЛанд” хэмээх диваажинд хүссэн бүтээлээ, бүүр хүссэн аргаараа туурвих, бүүр байчихаад хүсснээрээ шүтүүлэх боломж гарсан байв. Түүний уран бүтээлийг бахдан сайшаахгүй байгаад үзэх зоригтон ч ховордож, туурвилыг бахдан хүндлэх нь бүх нийтийн үүрэг болох шинжтэй.

   Цаад учир ийм. Үнэндээ бол түүний эзэн “Жэнко Батлага” бол хувь хүн гэхээсээ илүү Кремлийн нэг л төсөл юм. Яг л БНМАУ-д социализм байгуулах төлөвлөгөө шиг, КГБ-ын агентууд Ю.Цэдэнбалд тусгайлан зориулж зохиосон амьдрал шиг. Түүнийг сонгон авч төсөл болгосон уу, эсвэл сайн дураараа өөрийгөө төсөл болгон хөгжүүлсэн үү, бүү мэд.

     Монголын улс төрийн тусгаар тогтнолыг эдийн засгаар дамжуулан боомилж, эхлээд хоёрдогч, улмаас гуравдагч ертөнцөөс хамааралгүй болгох томоохон төсөл байсан гээд ойлгочиход болно, Жэнко өөрөө. Сүүлд сүр болгон байгуулсан төмөр зам нь ч олон хүний бодсон шиг наманчлал бус харин ч төслөө үргэлжлүүлсэн арга, төмөр замд хөндөлдсөн төмөр зам, дэд бүтцийн эсрэг чиглэсэн “антидэдбүтэц” гэмээр юм ажгуу. Жэнко-гийн өөрийн намтар “уран бүтээл” бол тусдаа сэдэв бөгөөд Их Оросын бодлогын нэг хэсэг болохынхоо хувьд ч, Кремлийн сүүлчийн “загалмайлуулсан хүргэн” болохынхоо хувьд ч манай түүхийн сонирхолтой судлагдахуун болсоор үлдэх биз.

   Харин тэрээр эл түүхээ бүтээхдээ Зөвлөлт тарсны дараа Оросын тамирчдын байгуулсан мафи, Италийн Хоза ностра-гийн домгоор хийсэн “Загалмайлсан эцэг” кино, Зөвлөлтөөс Монголд тавьсан удирдагч Цэдэнбалын намтар сэлтээс сэдэвлэн зохиомжилсон сонирхолтой дүр! Ямар сайндаа л түүний ойр дотныхны нэгэн “Уран зохиолыг амьдралаас сэдэвлэдэг, гэтэл манай хүн амьдралаа уран зохиолоос сэдэвлэсэн” хэмээн егөөдөж хэлсэн дуулддаг.

    Магадгүй, хоёр дахь гэр бүлээ зохиохдоо Орос эхнэр авсан, түүнийгээ ОХУ-н иргэн хэвээр үлдээсэн (гэх?) зэрэг нь Цэдэнбалын амьдралаас хайр дурлал гэр бүлээ хүртэл сэдэвлэн зохиосон хэрэг ч байж мэднэ. Ялангуяа Ерөнхийлөгч байхдаа Цэдэнбалын орос эхнэр Филатовагийн гавъяаг сэргээн магтуулах кампани өрнүүлж байсан нь сонирхол татдаг. Тэрээр Филатовагийн байгуулсан “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулж, хандив цуглуулах ажлын үзэл суртал талыг “Герой хүү”-гээрээ хийлгэсэн нь маш амжилтай болж билээ. Даанч, цаг үе өөрчлөгдсний буянаар тэрнээсээ эсэн юм болж дууссан болохоос. Хэрвээ амжилттай болсон бол “Жэнко батлага” тэр фондоо орос эхнэрээрээ л удирдуулах санаатай байсан болов уу? “Анастасъягийн хойд дүр Анжелина!”

    Гол нь тэрээр цэдэнбаллаг намтар, үзэл суртал зохиоход хэрэгтэй хүмүүсийг дэргэдээ эртнээс цуглуулж байлаа. Өөрийн гэсэн “Соёлын яам”, “Үзэл суртал зохиох газар” байгуулсны дотор Хийроо баатар багтсан юм. ХХ зууны БНМАУ хэмээх зөвлөлтийн төслийн үзэл суртал нь марксизм, ленинизм байсан бол “Жэнко” төслийнх нь “МоЯа” хэмээх үзэл суртал бөлгөө. “Монгол ялна” гэдэг “сайхан” үгээр халхлан, өнөө маргаашгүй эзлэх гээд байгаа Хятадын аюулаар далайлган Монголыг ертөнцөөс таслаад, Оросын асрамжийн объект болгон үлдээхэд энэ хөтөлбөр чиглэж байв. Чухам энэ үзэл суртлыг бүтээгч гол баатар нь Хийроо болов. Түүний авъяас, урлан бүтээх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар Мояа нарын бүхий контентоос нэвт ханхалж, тэр хэрээрээ үймэрсэн олныг хуйлруулж байлаа. 

    Аль хэдийнээ “Мояа тулгатны Ганц эрхэм” болон хувирсан төсөл цаашдаа, Халх, Ойрадын хооронд яс хаях болов. Алдарт “эсэргүү” Лоохуузын нэвтрүүлэг тэр чигээрээ халх-ойрадын сөргөлдөөнийг өдөөсөн, БНМАУ нь Зөвлөлийн сателит гэхээсээ илүү Увсынхны колони байсан гэж ойлгогдохоор агуулгатай болов. Авторитар дэглэмийн золиос болсон төрийн зүтгэлтний намтар бус, Ойрадын хорлол болсон Халхын шилдэг хөвүүдийн түүх маягтай.

    Нэгэн удаадаа Хятад болон хятадын эрлийзүүдийн аюулаар нийгмийг хийрхүүлэн байж эрх мэдлээ бататган Ерөнхийлөгчийн суудалд хүрсэн Жэнког-д “В” төлөвлөгөө байсан бололтой. Тэрбээр дараагийн ээлжинд Халх-Ойрадын хагарал, уламжлалт дургүйцлийг сэдрээн үймүүлэх замаар эрх мэдлээ бататгах, эсвэл засгийн эрхэнд гарах тиймэрхүү “В” төлөвлөгөөтэй байсан ч байж магадгүй гэмээр. 

(Дашрамд дурьдахад, өнөөдөр нийгмийн сүлжээгээр нэг сэдрээд л нэг болиод байгаа Баян-Өлгий ба Казахын асуудал бол нийгмийг хөөргөн саагиулаад түүнээ залуурдан эрх мэдэлд хүрч болох “С” сэдэв ч байж мэднэ. Гэхдээ эрлийзийн төслийг яахин гүйцэх билээ сэн?)

    Өмнө өгүүлсэнчлэн: олон түмнийг эзэмдсэн “Монгол туургатны 100 эрхэм” төслийн агуулга нь Ардчилсан хувьсгалын удирдагч нар нь одоо байгаа “ардчилагчид” биш, тэгж ярих юм бол Жэнко л араас нь нууцаар залуурдсан, ер нь бол Ардчилсан хувьсгалын нууц ноёнтон нь байх шинжтэй. Улмаар, Филатовагийн нөхөр Цэдэнбалын үеийн улс төрчдийг сэргээн магтах, Улмаар, Монголын тусгаар тогтнолд хөнөөлтэй Хятадын аюулаас гадна Ойрадын аюул гэж байгааг нийгэм өглөө бүр санаж байх ёстой болохыг “Өглөө бүр Тангуд улс өмнө байгааг сана” гэдэг шиг сэрэмжлэх учиртай аж. Учиртай төдийгүй тэр аюулын эсрэг тэмцэхэд бэлэн байх хэрэгтэй бололтой. Нэг иймэрхүү үзэл санаагаар нийгмийг дам цэнэглэдэг болов. Үндэсний сайн контентоор маруухан сувгууд иймэрхүү нэвтрүүлгийг чөлөө завгүй цацах. Улмаар, Мояа сурталд үнэнчээ нотлон, өглөө сэрэхдээ “хужаагийн эрлийз” болчихоос ТВ-ийн эзэд өөрсдийгээ хамгаалах арга болов. Дээр нь “намын дарга бол сумандаа л Маркс” гэлээ гэгчээр манайдаа л байхгүй зохиомж найруулгатайг хэлэх үү?

Сделано в Женко[iii]

Харин, яагаад тээр тэнд өөрийн тайзан дээр “Татар ажиллагаа” найруулж явсан Хийроо баатар юуны учир “Мояа ажиллагаан”-нд татагдан орсныг бүү мэд. Түүнийг авъяастай бас чадвартай байхыг хүссэн боловч тэр нь заяагаагүйгээс эргэн тойрондоо өширхсөндөө тэгсэн гэх үндэслэл үгүй. 

    Авъяастай төрсөн Хийроо харин яагаад энэ сонголтод багтсныг тааварлах гээд үзъе. Хийро баатарын анхны том бүтээл болох “Би чамд хайртай -II” киноноос болж уг киног анхлан бүтээсэн алдарт найруулагч Б.Балжинням тэр хоёрын хооронд маргаан үүссэн гэдэг. Маргаан хэвлэлээр ил тод өрнөөгүй тэгсгээд намдсны нууц аяандаа тодрох байх. Нэрт найруулагч Балжинням тухайн үедээ бие тааруу, бөөрний аппаратад ордог байсан үе таарсан тул тэгсхийгээд “аргалагдсан” гэх яриа ч байдаг. 

   Ямар ч байсан, болсон үйл явдлын дундаас, нэг талаас маш их авъяастай, нөгөө талаасаа зохиогчийн эрх энэ тэр гэсэн хууль ёсны төдийгүй, ёс суртахуунын асуудлыг төдий л хэрэгсдэггүй “бяцхан гигант” төрж байгааг Жэнко анзаарчээ. Өөрийг нь бүтээх үзэл сурталч хайж явсан Жэнко бээр тал нутгийн хөрсөнд шар арьстай “Лени Рифенштал”[iv] бойжиж буйг гярхайгаар олж харсан ч байх.

   Эсвэл бяцхан бяцхан асуудлыг нь шийдэж өгсөн үү, бүр байчихаад тэрнээсээ болоод Жэнкогийн өмнө асуудалд ороод дагаар орсон уу, чөтгөр бүү мэд. Ямар ч байсан Жэнко-гийн намтрыг бичигч ойр дотны хүний бичсэн номд, тэрбээр булчин хөгжүүлэх дасгалынхаа хажуугаар Мариа Пюзиогийн “Загалмайлсэн эцэг” номын байнга уншиж, түүнээс олон юмаа сэдэлжүүлдэг тухай өгүүлсэн байдаг гэдэг.

   Ер нь “Хийроо” өөрөө хэн бэ? Залуу насны гэнэн шохоорхлоор Гитлерт татагдаад Фашизмын үзэлд суртал бүтээгч болж хувирсан Лени Рифеншталийн монгол хувилбар уу? Түүнийг юу ч бүтээсэн фашист хэмээн буруутгагдсаар насыг барж зөвхөн кино судлаачдын нэгэн судлагдахуун болон үлдсэн Рифеншталийнх шиг тавилан хүлээх үү? Эсвэл “Тамгагүй төр”-өөр цагаадаад, суу билэгтний замаараа эргэн замнах уу?

    Лени өөрийгөө батлах гэж бүхий аргаар үзэж, гэрэл зургийн салбарт ч гааруу амжилт гаргаж үзэж. Гэвч фашист нэр нь түүний бүтээсэн бүхнийг гутааж байлаа. Арга нь барагдсан эмгэн хөгширсөн хойноо залуу хөвүүнтэй гэрлэж хүртэл гайхуулахыг хүссэн байдаг. Хадмуудаас нь эхлээд гайхсан балмагдсан улс гарсан байж болох ч хүн төрөлхтөн хүний урманд хялайж харсангүй. Яг түүн шиг мянга мянган тамгатай, тамгагүй төр бүтээсэн ч өршөөгдөхгүй, хожмын өдрийн урлаг судлалын субьект төдийгээр хоцордог юм бол уу? Араншин нь олдоггүй хорвоо доо, тээ ?

    Эсвэл, хашир догь судлаач, эрэмгий аялагч, баатарлаг хайгуулч болж төрсөн атлаа Гитлерийг дэмжснийхээ балгаар арай л шорон оронгоор шагнуулаагүй Свен Хэдин[v]-тэй адил нэгэн үү? Төв Ази, Монголын газар зүйг ярихад хамгийн их дурьдагдах учиртай түүний оронд, Хаант Оросын цэргийн тагнуул Пржевальский алдаршин, Монгол тахийг хүртэл өөрөөрөө овоглуулжээ. Сурах бичгүүдэд их л сайндаа “Энд эхлээд Свэн Хединий эксдедици ирж байж” гэсгээд орхидог нь хүн төрөлхтөн түүнийг уучлаагүйнх. Тэр мэтээр “Тамгагүй төр” дахин дахин тавигдах тоолонд “Хийробаатар нэг тавьсан байдаг” гэх төдийгээр дурсагдах болов уу? Эсрэгээрээ, XXI зууны урлагийн түүхийн “Тамгатай найруулагч” болон бичигдэх ч юм бил үү?

   “Чарли Линдбэргийн[vi] хүүхдийг хулгайлсан хэрэг” гэж хэн хүнгүй дуулсан байх. Уг нь Чарли хүүхдээ алдсанаас огт өөр гавъяагаар нэрээ мөнхөлсөн нэгэн. Тэрээр хамгийн анх Атлантийн далайг нисэх онгоцоор туулан, тухайн үедээ шуудангийн марканд өөрийгөө мөнхөлсөн алдартан. Харамсалтай нь тэрээр, Гитлерийг дэмжсэн учраас, хүн төрөлхтөнд “мартагдах” зүйл ангиар шийтгүүлсэн. Одоо зөвхөн, “хулгайлагдсан хүүхдийн аав байсан” төдийхнээр дурсагдаж байна даа. 

   Саяхны жишээ гэхэд л “Холливуд үгүй бол Вайнштэйн[vii] үгүй, Вайнштайн үгүй бол Холливуд үгүй”гэмээр л байсан кино ертөнц гэнэт эзнээ сэгсрээд, урлагийн ертөнцөд угаасаа тийм хүн байгаагүй мэт болчихлоо доо. 

    Тэд ясны фашистууд уу, зүгээр л юуг ч хамаагүй урлаг болгох одонд төрсөн харанхуй суутнууд уу? Газар зүйн шинэ нээлтээс бусдыг ойлгоход ухаан хүрээгүй эрдэмтэн, авъяастай учраас юу ч хийсэн зөвдөнө гэж төөрөлдөгсөд, эсвэл агаарын замаас бусдыг буруу төсөөлдөг навигатор уу, хэн л мэдлээ?

Бурханы өс

Нэг л үнэн энд байдаг. Ер нь “буруутан” хэдий чинээ билэг авъяастай төрсөн байна, төдий чинээн хүн төрөлхтний жигшлийг төрүүлсэн байдаг. Билэг авъяас өөр өөрийн эрэмбэтэй бөгөөд шат шатандаа үнэлэгддэг. Нийтийн дуучид нийтдээ хайрлагдана. Сонгодог урлагийн суутнууд сонгодог хүрээндээ л хүлээн зөвшөөрөгдөж явна. Нийтийн дуучин Жавхаа энэ тэр өнөөдөр Гитлерийн “Майн камп”-д ая оруулаад дуулж явахад сэхээтнүүд л дургүйцэхээс бус дэмжигчид нь тоохгүй. (Харин хүчирхийллийг сурталчилсан хэргээр шүүхэд дуудагдаж гэмээнэ тусдаа асуудал). Олон түмэн түүнээс өндөр дээд ёс суртал нэхэхгүй. Архи уугаад хүн зодоод явсан ч , шоронд суусан ч фэнүүд орхихгүй.

 Харин, сонгодог бүжигчин, дуурийн дуучин хулгай хийчихвэл, эргээд тайзан дээрээ гарахад хэцүү. Золиг шиг юм болоход, “Хийроо” бол илүү сонгодог талын авъяастан байж. Иймээс тэр сэхээтнүүдэд үнэлэгдсэн бас үзэн ядагдсан бодгаль.  Түүнийг ид Мояа нарын үзэл сурталчин явахад. Баабар хүртэл нэг удаа “муу Герой л хайран байна, авъяастай юм шүү дээ!” хэмээн халаглан жиргэж байлаа. Сэхээтнүүд бол нийгмийн оюун санаа, ой санамж. Ард түмэн юмыг мартдаг бол сэхээтнүүд үгүй.

     Жилийн өмнөөс, Мояа суртлын удирдагч ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж, Хийроо нэг хэсэг чимээгүй болов. Тэрээр, “Тамгагүй төр” жүжгийг шинээр найруулан тавьж, өөрийгөө үзэл сурталч бус уран бүтээлч болон дахин төрснийг тунхаглав. Гэвч түүнийг нийгмийн сэхээтэн хэсэг “Мояачин” байснаар нь сэргээн санаж эхлэх нь тэр.

     Хийробаатар өөрт заяасан билэг авъяасаа ухааран эрхэмсэг оршихуйн оронд, ерийн нэгэн чадварлаг сэргэлэн хүний хэмжээнд биеэ үнэлэн наймаалцсан учир сэхээтнүүд түүнд талгүй. Авъяастай төрөх хэцүү, авъяастайгаа ухаарах бүүр ч хэцүү. Маш олон хүн авъяасаа ухааран эрхэмсэг оршихын оронд биеэ хэт үнэлэн сагсуурч яваад онхолддог. Нөгөө хэсэг нь алтны инжаан гэдгээ мэдэхгүй гөлмөн төмрөөр зуух яндан имхэрдсээр насыг бардаг. 

    Ер нь хараад байхад авъяас гэдэг бол хувь хүнийг “хувь хүний хувь заяа”-наас нь булаан авдаг эд бололтой. Авъяастай төрнө гэдэг бол хувь заяагаа эзэгнэхийн нэр биш, харин ч өөрийгөө эзэгнэх эрхээ алдахын нэр ажгуу. Буддын нэгэн даяанчийн өчилд “Надад эд үгүй тул алдахын зовлонгоос салсан, надад алдар үгүй тул гутаагдахын зовлонгоос салсан...” хэмээн өгүүлсэн нь тийм учиртай.

    Хүн төрөлхтөн авъяас билиг гээч юманд хайртай. Авъяас бол эзэмшигч этгээдэд бус түүний шимийг хүртэгч хүн ардад бурханаас заяагдсан зүйл гэж хардаг. Хүн зон өөрийн шүтээн болсон уран бүтээлчийн ертөнцийг хамтдаа бүтээсэн дундын капитал, хайр хүндэтгэлээрээ дамжуулан өөрийн зохих хувьцааг оруулсан дундын өмч маягтай хардаг ч юм шиг. Хувьцаат компаний үйл хэрэгт хувь нийлүүлэгчид бүгд хамаатай байдаг шиг бишрэн шүтэгчийнхээ тавиланг өөрийн хувь заяаны үргэлжлэл маягтай хардаг гэмээр ч юм уу? 

   Тэдний алдаа дутагдлыг үл хүлцдэг нь ийм учиртай. Чиний гоё цамцыг, үнэтэй машиныг зээлж өмссөн хүн нь ураад хаячихвал, согтуу нэгэн жолоодоод онхолдуулчихвол ямар байх вэ, тэр мэт.

   Наад зах нь өнөөдөр хэлмэгдэн хохирсон яруу найрагч Р.Чойномыг нийгэм хүндэтгэн хайрласаар байна. Яг өнөөгийн уншигчийн шалгуураар бол түүний бүтээлүүд өнгөрсөн зууны трэнд байсан хурц тод, цэцэн мэргэн шүлэглэл юм. Гэхдээ олон түмэнд заяагдсан их авъяасыг эзэнтэй нь хөнөөсөнд нийгмийн оюун санааг тээгчид уурссаар байгаагийн жишээ нь унтаршгүй хайр болоод явж байна.

  Хүн төрөлхтөн Лени Рифеншталь, Свэн Хэдин, Харвэй Вайнштайн, Чарли Линдбергийг Освенцимийн хуягаас илүүтэй үзэн ядсан нь тэд авъяас билэгтэй төрсөн, хүн төрөлхтний аугаа их өмчийг эзэгнэн төрсөнд байгаа юм. Хэрвээ суу билэгтэн болсон бол хувь заяа чинь чинийх биш, хүн төрөлхтнийх. Чи түүнийг дураараа зарцуулах, үзэмжээрээ борлуулах эрхгүй гэсэн үг.

  Хийробаатар тэгвэл яаж хийроотсон бэ. Өөрийгөө дутуу харсан нэгэн. Түүнийхээ харгайгаар билэг авъяасаа ердөө л ойр зуурын чадвар гэж харсан. Билэг авъяасаа гайхамшгийг бүтээхэд зориулагдсан багаж бус хоногийн хоолыг гайгүй олох хүрз зээтүү маягаар харж явсан. Зөвхөн бурханы хий гэснийг л хийхээр төрчихсөн атлаа, хэн хүний хий гэснийг л хийгээд баян сайхан амьдрах юм бодоод замд гарсан тэнүүлч байсных нь төлөө, баян төрсөн байтлаа баяжих гэж гуйлгын тулам барьсных нь төлөө сэхээтнүүд түүнд уурсаж байгаа юм. 

    Жижигхэн “гар”-уудын том лайг түүх амархаан уучилдаг. Уучлах ч юу байхав мартдаг. Учруулсан гай зовлонгийнх нь ул мөр арилж, шарх анихын хэрээр нийгмийн санаа сэтгэл тайтгарч мартагнадаг гэсэн үг. Хийроо хүү авъяас билгээ үнэлүүлж явсан Жэнко ч тэр мэт. Харин ард түмэн баатраа мартах нь барагтайхан, мартахгүйн хэрээр уучлах нь хол.

   Ард түмэн авъяасыг хайрлан дурлаж, хардаж харамладаг. Заримдаа эзэн, авъяас хоёуланг нийлүүлээд хайрладаг. Аа, заримдаа эзнийг нь үзэн ядаж, авъяасыг нь хайрлах нь ч бий. Хийроо дээр ч тэр мэт. “Тамгагүй төр” жүжгийн тухай урлагийн шүүмж, үнэлгээ гарахгүй байгаагийн нууц энэ. Жүжгийг тойрон улс төр л өрнөж байгаагийн учир ч энэ. 

 Жүжгийн шинэ найруулга, дэглэлт шийдэл, гаргалгаа маш сонин болсон тул үзэгчид тасрахгүй 100 л лав тогложээ. Магадгүй олныг шуугиулах хүсэлдээ хөтлөгдөн, нийгмийн “дутуу анисан шарх”, “хараахан мартагдаагүй ид бах”-ыг сэргээн амилуулсан ч юм билүү? Эсвэл, бүүр өөрөөр ч байж болно.

   Хүмүүс маш олноороо “Тамгагүй төрийг” үзэж, бахдаж байх боловч гомдсон талын дуу хоолой тод бөгөөд анзаарагдам. Хийрообаатар манай тайзны урлагт шинэ үеийг нээлээ гэдгийг зөвшөөрөөд байгаа ч “зөвшөөрч буйгаа зөвшөөрч чадахгүй” байгаагийн учир ч энэ. “Тамгагүй төр” жүжгийг муулах гэхээр худлаа болох, магтах гэхээр ёс суртлаа доромжилсон болчих гээд байгаа тэр “гомдол” бол манай нийгмийн сэхээтэн хэсгийн гомдол юм. Сэхээтэн, оюунтнууд бол нийгмийн оюун санаа өөрөө бөлгөө...

2022.08.24

 

[i] Манай үеийн баатар . Орос . М.Ю.Лермонтовын ийм нэртэй зохиолоос үүдэн алдаршсан хэллэг.

[ii]Кремльд бүтээв. Сделано В СССР (Зөвлөлтөд бүтээв) гэдгээс үүдсэн хэлц.

[iii]ЖЕНКО-д бүтээв. Орос.

[iv]Хелена Берта Амалия Рифенштал. Германы кино найруулагч, эмэгтэй. Кино урлагт шинэчлэл хийсэн боловч Гитлерийг дэмжснээсээ болоод бүх карьераа дуусгасан нэгэн.

[v]Свен Андерс Хедин. Шведийн газарзүйч, аялагч. Газар зүйн олон нээлтэд нэр холбогддог ч Фашизмыг дэмжснээсээ болоод“хүчингүй”-д тооцогдсон эрдэмтэн.

[vi]Чарли Линдберг. Алдарт нисгэгч. Атлантийн далайг онгоцоор анх туулсан алдартан. Германы фашизмыг дэмжиж явснаасаа болоод түүхэнд “мартагдсан” нэгэн.

[vii] Харвэй Вайнштайн. Холливудын алдарт найруулагч, зохиолч, продюсер асан. Оскарын шагналт. Бэлгийн дарамт учруулсан хэрэг нь сөхөгдснөөр мандал бадрал нь төгссөн.