Инвескор ББСБ зээлдэгчдээ “дээрэмдэж” хохироохоо боль
2022/09/13
Монголын хамгийн том Банк бус санхүүгийн байгууллага гэгддэг “Инвескор” нэр хүнд олохын хэрээр харилцагч, зээлдэгчдийнхээ эрх ашгийг хохироосон асуудал гаргажээ.
Тодруулбал, иргэн Б барилгын компанийнхаа гүйцэтгэлийн ажлын хөлсөнд бартертаж авсан 90 сая төгрөгийн үнэтэй цоо шинэ авто машинаа “зээлдэгчиддээ ээлтэй, найдвартай” гэдгээрээ гайхагддаг Инвескор ББСБ-т унаж явах нөхцөлтэйгөөр 69 сая төгрөгийн барьцаанд тавьж, бизнестээ хөрөнгө оруулалт хийжээ. Зээлийн төлөлтөө цаг тухайд нь хийж явсаар өнгөрсөн долдугаар сар хүртэл хүргэсэн байна. Гэвч ковидтой холбоотой эдийн засгийн нөхцөл байдал, Улсын баяр наадам давхцсан учир анхлан гэрээ хийсэн эдийн засагчтайгаа тохиролцсны үндсэн дээр сүүлийн хоёр сарын төлөлтийг хойшлуулж, тус ББСБ-ын авто гражид машинаа түр хугацаанд байршуулахаар болжээ. Иргэн Б санхүүгийн асуудлаа шийдээд эргэн тус Инвескор ББСБ-т хандан, өнгөрсөн долоо, наймдугаар сарын төлөлтийг хүүтэй нь хамт нөхөн хийгээд автомашинаа буцаан авахыг хүсэхэд тэд “Автомашиныг чинь өгөхгүй, үлдэгдэл 43 сая төгрөгийг нэг мөсөн бэлэн төлсөн тохиолдолд автомашиныг буцаан олгоно. Үгүй бол бид автомашиныг чинь зарж борлуулан тус мөнгөө гаргаж авна” гэх хариуг хэлжээ.
Хамгийн сонирхолтой нь, Инвескор ББСБ-ын иргэнтэй хийсэн гэрээнд энэ талаар огт дурьдаагүй бөгөөд автомашиныг нь граждаа байрлуулахаар өөрийн биеэр ирж автомашиныг нь авсан эдийн засагч энэ тухай юу ч хэлээгүй байна. Мөн зээлийн гэрээний хугацаа 2024 оны зургадугаар сард дуусах аж. Эндээс харахад, Инвескор ББСБ зээлдэгчдээ итгэдэггүй, барьцаалсан эд зүйлсээ өөрийн “гарт оруулсан” бол гэрээний хугацаа дуусаагүй байсан ч, харилцагчаа “дээрэмддэг” бололтой. Улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед ББСБ нь харилцагчдаа ингэж дарамталж, байгаа нь тухайн байгууллагын ҮНЭ ЦЭНЭ, ЁСЗҮЙ, СОЁЛ-ыг ямархуу вэ гэдгийг харуулж байна.
Хэрвээ иргэн Б-д тэр их хэмжээний мөнгө бэлэн байсан бол Инвескор ББСБ-д тавихгүй байх байв. Иргэн Б-ын хувьд бусад шиг унаагаа унасан хэрнээ төлөлтөө хийхгүй явсангүй. Тэрбээр үнэн шударгаар бодит байдлаа хэлж, боломжтой нөхцөл байдлыг хүлээн зээлийнхээ хүүгийн алдангитай нь төлөхөөр болсон нь ийнхүү “АЛДАА” болоод байна.
Өнгөрсөн 2021 онд 19.1 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гэдгээ гайхуулдаг Инвескор ББСБ-ын үнэн төрх нь энэ ажээ.