Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр ч, U-money картаар ч төлбөрөө төлдөг болно
2022/09/16
Нийслэлийн ИТХ-ын 2022 оны есдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан байна. Тодруулбал иргэд автобусны төлбөрөө U-money картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой болох нь.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Уг тогтоолын дагуу нийтийн тээврийн автобуснуудад бэлэн мөнгөний хайрцгийг байрлуулах юм. Ингэснээр иргэд бэлэн мөнгөөр ч, цахим картаараа ч төлбөрөө төлөх боломжтой болох юм. Хуучин шиг мөнгө хураагч /бидний хэлж заншсанаар кондуктор/ ажиллахгүй. Лацадсан бэлэн мөнгөний хайрцаг тавина.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тогтоол хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл захирамжаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулаад үйлчилж эхлэх хугацааг тогтоох юм.
2015 онд нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн төсөл хэрэгжих үед автобуснуудад тавьсан байсан бэлэн мөнгөний лацтай хайрцгуудыг авсан. Эдгээрийг буцааж ашиглана, 1,200 хайрцаг бий. Шинээр хайрцаг авахгүй.
НИТХ-ын хуралдаанаас "Улаанбаатар смарт карт" компанийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гараагүй. Нийтийн тээврийн автобусанд U-money картаар төлбөрөө төлөх үйлчилгээ хэвээр байна" хэмээн тайлбарлалаа.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 106 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд тэдгээрт бүгдэд нь бэлэн мөнгөний хайрцагтай тавих юм байна.
delhiin jishgeer uilchil · 2022/09/16
hervee u moneygoor belen munguur ch uilchleh yum bol delhiin jishgeer kartaar uilchluuehed 100n tugrugnii ch yumuu hymdraltai uilchleh heregtei.tegvel humuus kartaar uilcluulehiig iluud uzneeeeeeeee