Авлигын кэйсүүд буюу шүүгч нарт хэн зуучилдаг вэ?!
2022/09/19
Шүүгч аливаа хэрэг маргааныг өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэдэг номтой. Тэрхүү итгэл үнэмшил нь гагцхүү хуулийн дагуу байх ёстой. Тэгэхийн тулд нөлөөллөөс ангид байх учиртай.
Харамсалтай нь шүүгч нар итгэл үнэмшлээ худалдаж, захиалгаар шийдвэр гаргадаг явдал газар авсан. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг унагасаар байна. Ийм үр дүн гарч байгаа нь бүхий л судалгаагаар гарч ирээд байгаа юм.
Тухайлбал, АТГ-аас жил бүр гаргадаг “Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны судалгаагаар Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн хоёрдугаарт 5.3 пунктээр шүүх байгууллага эрэмбэлэгджээ.
Үүнээс гадна “Максима”-гийн саяхны нэг судалгаа байна. Түүгээр шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлигын түвшин болон тэдгээрийн авлигын чиглэгдсэн байдлын үнэлгээнд өсөлт гарчээ. Уг судалгаагаар шүүх, хууль хяналтын байгууллагын авлига бусад салбар, хүрээний үйл ажиллагаа руу хэр чиглэж байгааг судлаж гаргажээ. Тэгэхэд уул уурхай, ашигт малтмалын салбар руу хамгийн өндөр буюу 4.38 үнэлгээний үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нар энэ салбараас илүү их авлига, хээл хахууль авч хэрэг маргааныг шийддэг гэсэн үг. Салхитын мөнгөний ордын хэрэг бол үүнийг нотлох томоохон бөгөөд тодорхой кэйс юм.
Түүнчлэн шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээнд хээл хахууль өгөх, авах аргуудыг хэрэглэсэн байдлын үнэлгээ 3.68 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Нийт 11 аргаар үнэлүүлэхэд ойр дотнын хүмүүсээр дамжуулах, зуучлагчаар дамжуулах, ойр дотны хүн, гэр бүлийн гишүүд, тэдний компанид давуу байдал олгох болон өмгөөлөгчөөр дамжуулах аргууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг гэсэн байна. Уг судалгаан дахь “Шүүгч, хуулийнхны авлигыг хэн дамжуулдаг вэ” гэдэг анхаарал татсан асуудал гарч иржээ. Энд авлига зуучилж, дамжуулдаг этгээдээр өмгөөлөгч нэрлэгдсэн байна.
Угтаа ингэж авлигын мөнгө дамжуулж, хээл хахуульд зуучилсан ёс зүйгүй зарим өмгөөлөгчийн талаар өнөөдөр ч ил болж буй зүйл биш юм. Өмгөөллийн салбартаа өө сэв болдог өмгөөлөгч нарын кэйсүүд цөөнгүй байдаг. Олон нийтэд ил болж байсан дараах кэйсүүдийг бид мэднэ. Захиргаа, Иргэний хэргийн баахан шүүгчид мөнгө шилжүүлж, томоохон гэмт хэргийг схем зурж байгаад түүнийхээ дагуу аргалдаг өмгөөлөгч Б-ын жишээг энд дурдах нь илүүц биз ээ. Салхитын ордын хэрэг шиг л тов тодорхой жишээ болно. Гэхдээ өмгөөлөгчтэй холбоотой асуудал түүгээр дуусахгүй. Хэдэн кэйс жагсаая.
Кейс 1. Өмгөөлөгч Б нь 2013 онд МИАТ-ийн хэргийн оролцогч ИНЕГ-ын дарга асанг өмгөөлж байв. Тэгж явахдаа тус хэргийн сэжигтнээр тооцогдож шалгагдаж байлаа. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга “...нарын 5-6 хүнийг шалгаж байх явцад Б-г сэжигтнээр тооцож зайлшгүй цагдан хорих шаардлага гарсан” гэж мэдэгдэж байв. Тэр үед шүүх хурал дээр “Үйлчлүүлэгч нар нь өмгөөлөгч Б-гийн Виржинийн арлуудад /British Virgin Islands/ үүсгэн байгуулсан Treasure Cosmo limite/ компанийн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонконг дахь HSBС /Hongkong Shanghai Banking Corporation/ банкин дахь харилцах дансанд 2012 оны гуравдугаар сарын 29-ний өдөр 155.000 ам.доллар шилжүүлж улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 153.993 ам.доллар, 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр 39.968 ам.долларыг тус тус ...тоот дансаар дамжуулан шилжүүлээд дараа нь өөр хүний дансаар буцаан хүлээн авсан... тус тус буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ” гэж байв. Тус тус хүлээн авсан гэдэг албаны хүний үг бол ийм үйлдэл нэг бус удаа давтагдсаныг илтгэж буй.
Мөнөөх өмгөөлөгч Б нь бас 2015 оны сүүлчээр сайд асан А.Гансүх нарыг өмгөөлж яваад цагдан хоригдсон. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд татварын асуудал, залилан мэхэлсэн гэх хоёр ч зүйл ангиар буруутгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Кейс 2. Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны даргын албан тушаалыг хашиж байсан Н.Б-г цагдаагийнхан 2016 оны баяр наадмын үеэр баривчилсан. Тэрбээр авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнд хахуулийг нь зуучилж байсан хүнийг ч хамтад нь шалгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв. Н.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Их цуурайтын аманд 40 гаруй айлын нэр дээр 0.07 га газар эзэмших гэрчилгээ гарган өгч, 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Хэрэг явдлыг тодруулахад, уг газрыг авахын тулд БНХАУ-ын иргэн Ли овогт нь хилийн чанадаас мөнгөө шилжүүлж, түүний өмгөөлөгч, хуульчаар ажилладаг Ч нь Өмчийн харилцааны албаны даргад хахуулийг нь зуучилсан асуудлаар шалгагдаж байв.
Кейс 3. Салхитын мөнгөний ордын хэрэгт ч нэр бүхий өмгөөлөгч нар нэлээд үүрэгтэй оролцсон байдаг. Шүүгч нарт авлигын мөнгө зуучилсан асуудалд Өмгөөлөгчдийн холбоог удирдаж байсан нөхөр холбогдож байв. Мөн Цагдан хорих байранд нас барсан шүүгч асан, гавьяат хуульч ч тухайн үед Салхитын ордыг булаалдсан хятадуудын нэг талынх нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан байдаг. Энэ хэргийн нэг оролцогч болсон өмгөөлөгчийн хэрэг шүүхэд шилжиж байсан...
Энэ мэтчилэнгээр авлигын зууч хийдэг ёс зүйгүй өмгөөлөгч нарын нэр, үйлдлийг жагсаавал нэлээд урт болно. Хамгийн гол нь хууль шүүхийн байгууллагаар маргаан үүсгэж буй гаднын иргэд, аж ахуйн нэгжүүд Монголын хуулийг, шүүхийг тодорхой сайн мэддэггүй. Тэр “сул тал” дээр нь тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр “сонгогдсон” зарим өмгөөлөгч, хуулийн зөвлөх нөхдүүд тоглодог. Өөрөөр хэлбэл, “Шүүхийн шийдвэрийг танай талд гаргуулна. Бид ажиллаж чадна” гээд маш их хэмжээний мөнгө авдаг. Түүнээсээ шүүгч нар руу бариад гүйдэг. Ийм л “хууль зүйн туслалцаа” үзүүлдэг зарим нэр бүхий өмгөөлөгч бий. Сүүлийн үед гарсан Захиргааны хэргийн шүүгчтэй маш ноцтой нэгэн кэйс ч яригдаж байна. Кейс үргэлжилнэ.
Үргэлжлэл бий.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2022/09/20
Монголчууд шүүхийг авилагүй байлгах гэж боломжийн цалин өгдөг биз дээ одоо энэ цалингаа буулгаж төрийн албан хаагчийн түвшинд авчирмаараа