12 холбогдогчтой, хар тамхины 10 гэмт хэргийг илрүүлжээ
2022/09/21
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 12 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлж, мансууруулах үйлчилгээтэй ургамал 8.2 кг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хэрэгт холбогдогч этгээдүүд байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсан үйлдлүүдийг ийнхүү илрүүлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож ажиллажээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг бол “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Мөн Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-оос 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилжээ.
Ташрамд дурдахад Эрүүгийн хуульд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.
бат · 2022/09/22
Хар тамхи Монголд цэцэглэнэ учир нь хятад цаазаар авдаг орос 25 жилийн хорих ялтай тэгэхлээр энэ бизнес манайд шилжсэн төр маань ард түмнээ масуурч байхад идэх уухаа шийдэх шийдэлтэй