Гэр бүлийн хүчирхийлэл даамжирсаар амиа хорлоход хүргэжээ
2022/09/21
Иргэн Б нь хүүгийн хамт амьдарч байхдаа Амартай танилцан хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн, хамтран амьдрах хугацаанд Амар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнга архи уудаг, дагавар хүүхэдтэйгээ зүй бус харьцан Б болон дагавар хүүхдэдээ гар хүрч, доромжлон харьцдаг, хүүхдүүддээ хайр халамжгүй байдлаас тусдаа амьдрах болсон байна.
Тусдаа амьдрах болсоноос хойш Амар нь хамтран амьдрагч Б-гийн ажлын газрын болон өөрийнх нь утас руу байнга залгах, Б-г болон эх, хүүг нь “ална”, “гэрийг шатаана” гэх зэргээр мессеж бичих, гэрт нь болон ажлын газарт нь байнга очих, дагах, байгууллагын удирдлагад нь гомдол гаргах, хэрүүл маргаан хийх зэргээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамт үзүүлж шаналган, нэр хүндийг гутааж, заналхийлж, айлган сүрдүүлсний улмаас Б сэтгэл санааны гүн хямрал дарамтад орж, гэрээслэл бичиж 16 давхраас үсэрч амиа хорлосон байна.
Прокуророос Амарыг “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр бусдыг амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн байх шинжийг агуулдаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Амарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүнд байнгын шинжтэй сэтгэл зүйн дарамт үзүүлсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг бий болсон, бага насны 4 хүүхэд өнчирсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/59446?daterange=2021-07-20%20-%202021-08-30&id=1&court_cat=2&bb=1