Автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
2022/09/22
2022 оны есдүгээр сарын 25-ны Ням гарагт төв замаар машин явахгүй. Энэ үеэр иргэдийн эрүүл мэндийн төлөө спортын арга хэмжээнүүд болох аж. Түүнчлэн Ням гарагт зах, худалдааны төвүүд ажиллахгүйг албаныхан хэллээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бямбадорж "Есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр олон улсад иргэдээ агаарын бохирдлоос болон хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийг уриалдаг.
2019 онд хийгдсэн судалгаагаар 15-69 насны иргэдийн дунд 65% нь илүүдэл жинтэй. Үүнээс 49.4% нь илүүдэл жинтэй, 18.5% нь хэт таргалалттай байна гэсэн.
Хот суурин газарт амьдардаг хүмүүсийн таргалалт хөдөө орон нутгийнхаас илүү байна. Таргалалтыг биеийн жингийн индексийн үзүүлэлтээр гаргадаг. Биеийн жингийн индексийг өндрийг квадратад хуваасан тоогоор гаргана. Биеийн жингийн индекс 18-25 хэвийн, 25-29 илүүдэл жинтэй, 30-аас дээш тоон үзүүлэлт гарвал таргалалттай байна гэж үздэг.
Илүүдэл жингээс сэргийлсэн гол арга хөдөлгөөн. Хөдөлгөөний үндсэн хэлбэр бол алхалт. Хүн болгон 10,000 алхалтыг өдөрт хийх ёстой гэж ярьдаг. Биеийн жингийн индекс хэвийн хүний өдөрт хийх хөдөлгөөний хамгийн доод стандарт 10,000 алхалт.
Илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүс үүнээс илүү хөдөлгөөн хийх ёстой гэсэн үг. Хэт таргалалттай, таргалалттай хүмүүс эмчийн рецептийн дагуу хөдөлгөөний идэвхийг өрнүүлж биеийн жингээ хэвийн болгох шаардлага байдаг.
Автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн бүх хотын эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Тиймээс есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр зохион байгуулах арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсэж байна.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг 50%-аар бууруулах зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд бид хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, автомашинаас татгалзаж өөрийн амьдралын хэв маягийг зөв хэвшүүлэх уриалгыг гаргадаг онцлогтой.
Автомашингүй өдрөөр иргэдэд зориулсан эрүүл мэндийн харьяа байгууллагууд зохион байгуулах тул иргэд идэвхтэй оролцоорой" хэмээн яриалаа.