ШӨХТГ-аас ёс бус хэллэгтэй 32 номыг хураан авч, 4 номыг лангуунаас татан авчээ
2014/06/02
Бага насны хүүхдийн номонд зүй зохисгүй, ёс бус үг хэллэг хэрэглэж байгаа талаарх шүүмжлэл сүүлийн үед тасрахгүй байгаа.
Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнгөрсөн 4-5 сарын хооронд шалгалт явуулж зүй бус үг хэллэг, зурагтай номуудыг хураан авчээ. Тодруулбал, нийт 253 номын утга агуулгад шалгалт хийж 32 номыг хураан авч, дөрвөн номыг лангуунаас татсан байна.
ШӨХТГ-ын дарга “ШӨХТГ-аас энэ шалгалт, арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яамныхантай хамтран явуулахыг хүссэн боловч тус яамныхан хөдлөж өгсөнгүй л дээ. Лангуунаас татсан дөрвөн номыг хувь хүн үйлдвэрлэн, худалдаалж байсан" гэж мэдэгдлээ.
Улмаар ШӨХТГ-аас үүнтэй холбоотой санал, хүсэлтээ БСШУЯ-нд тавьсан байна.
Дашрамд дуулгахад, ШӨХТГ-аас бест селлер номыг долдугаар сарын 1-нээс зарлаж эхлэх юм байна. Урьд нь ашиг, орлоготой номыг тухайн номын дэлгүүр өөрөө зарладаг байсан. Гэвч номын дэлгүүрүүд хэвлэлийн компанитай байдаг учир өөрсдийнхөө хэвлэсэн номыг бест селлертээ дээгүүр тавиад байна гэсэн гомдол иргэдээс ирэх болжээ.
Х.Даваа