Х.Нямбаатар: Гэмтэл авсан монгол залуу нас барсан. ОХУ-ын иргэнийг яллагдагчаар татан, шалгаж байна
2022/10/03
ОХУ-ын иргэн монгол иргэнийг алхаар цохиж гэмтээсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдал хүнд байсны улмаас нас баржээ. Энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ын иргэнд ямар хариуцлага хүлээлгэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид асуулаа.
Тэрбээр "Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна.
ОХУ, манай улсын хувьд 30 хоног харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Энэ хүрээнд тус улсын иргэд манай улсад орж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо нэмэгдсэн юм. Өнөө өглөөний мэдээгээр манай улс руу орох талд нэг машин зогсож байна. Тэгэхээр ОХУ-ын иргэдийн орж ирэх урсгал өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс зогсонги байдалд орсон" гэлээ.
Харин СХД-ийн Засаг дарга нарыг Дубайд амраах үйл ажиллагаа зохион байгуулсан гэх мэдээлэлд "Миний хувьд гадаадад томилолтоор яваагүй.
Хувь хүмүүсийн хувьд хоёр, гурваараа нийлж гадаад явах эрх нь нээлттэй. Бүх Засаг дарга нар яваагүй. Цөөн тооны хорооны Засаг дарга нар явсан. Түүнээс биш зохион байгуулалт хийж, санхүүжилтийг нь төсвийн хөрөнгөөс гаргасан зүйл байхгүй" гэсэн тайлбарыг сайд Х.Нямбаатар өглөө.