Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш нь өөрийн ангийн хүүхдүүдийг цохиж, зодсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн билээ.

Эл хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас өнгөрсөн сарын 12-ны өдөр Прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг өнөөдөр хэргийг хянан хэлэлцээд Д.Цэнд-Аюушийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан "Тарчлаах" гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэлж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлжээ.

 

Х.Даваа