ТЕГ: Мьянмарт Монгол иргэд хүний наймааны хохирогч болсон нь тогтоогдлоо
2022/10/06
Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх боллоо.
Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвёэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар Улсын "КК парк" гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм.
"КК парк"-д цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж, өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн.
Дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж, байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
Гадаадын хууль сахиулах байгууллагаас "КК парк"-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа боловч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байгаа аж.
Тагнуулын ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол улсад аюулгүй буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарна уу...