Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нуур үүсгэх талбайд өртөж буй айлуудыг таван километрийн зайд нүүх асуудлыг л яриад байгаа юм
2022/10/06
“Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Тухайлбал олон нийтийн сүлжээгээр гараад буй УЦС-ын эсэргүүцлийн талаар тайлбарлав.
УЦС-ын төслийн зохицуулагч Ч.Гантулга "Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар нийгэмд янз бүрийн худал, үнэн мэдээлэл гарч иргэдийг талцуулж байна. Тухайлбал орон нутагт иргэдийн эрх зөрчигдөж, малчдын амьдрах орчныг сүйтгэн, байгаль орчин, агаар, усанд хор хөнөөл учруулж байна гэх мэдээлэл яваад буй. Тиймээс үнэн зөв мэдээллийг өгөх нь зөв тул товч материалыг танилцуулж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн хамрах хүрээ нь Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Баяннуур, Мянгад, Эрдэнэбүрэн, Өмнөговь гэсэн дөрвөн сумын газар нутаг.
Тодруулбал Баян-Өлгий аймагт 104 кв.км, Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багт 123кв.км, Ховд талын чацаргана баг буюу Мянгад суманд 46, Эрдэнэбүрэн сумын 5.5 кв.км газар нутгийг хамарч байгаа юм.
Шинээр үүсэх усан сан нийт 9,871 га газрыг хамарна. Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор 28,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.
Зарим сэтгүүлч "иргэдийг живүүлэх гэж байна, айл, өрх, малчдын амьдах боломжийг хааж, хязгаарлаж байна" гэх мэдээллийг явуулж байна. Үүнд тайлбар хийе.
Улсын тусгай хамгаалалтад авсан 28,000 га газрын 9,871 га-д нуур үүсэх юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрчим Хүчний Яам энэхүү нуур үүсгэх талбайг чөлөөлөх асуудал ярьж байгаа болохоос биш малчдыг өнөө маргаашгүй нүү гэж хөөж тууж байгаа асуудал байхгүй. Энэ талаар тогтмол уулзалтууд хийж байсан. Одоо ч төслийн баг газар дээр нь ажиллаж байна. Эсэргүүцэж буй нэр бүхий иргэдтэй уулзалт хийх гэж оролдож буй. Харамсалтай нь сонсдоггүй, эрс няцаадаг, хурлыг зохион байгуулалттайгаар үймүүлдэг, бусдыгаа турхирдаг, дарамталдаг явдал өнөөдрийг хүртэл гарсан хэвээр байна.
9,871 га талбайд үүсэх нуур нь 4-4.5 километрийн өргөнтэй, 23 километрийн урттай. Энэ нуур үүсгэх га-д өртөж буй айлуудыг 5 километрийн зайд нүүх асуудлыг л ярьж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагууд ТЭЗҮ хийгээд, хууль, журмын хүрээнд талбайг чөлөөлөх ажил явагдаж байна" хэмээн тайлбарлав.
Түүнчлэн "Голын голдирол дагуу буусан айлууд хууль зөрчөөд голын 50 метрийн онц бүсэд буучихсан.
Нөлөөлөлд өртөж буй объектуудын хувьд Баян-Өлгий аймгийн Цэцэгт баг, Увс аймгийн Улиаст багийн одоо ашиглагдаж буй хуучин төв бий. Багийн төвийн байршлыг сольж, ойролцоо шинэ баг байгуулах ажлыг төлөвлөсөн. Шинэ бүтээн байгуулалт, шинэ суурьшлын бүс баригдана гэсэн үг.
Цэцэгт, Улиаст багийн төвийг шинээр барих төлөвлөлтийн зургийг аравдугаар сарын 30-нд бүрэн хийж дуусаад 2023-2024 оны төсөвт бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг тусгуулахаар төлөвлөсөн" гэв.
УЦС-ын нөлөөлөлд орсон түүхийн олдворуудыг Соёлын яам, Археологи, палентологийн хүрээлэн, ШУА-тай хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд буйг тэрбээр хэлэв.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг БНХАУ-ын ЭКСИМ банктай хамтраад энэ ондоо багтаан бүрэн шийдэх аж.
Тэрбээр "Нөлөөлөд өртөж буй 1,241 иргэн тус бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговор өгөхөөр төсвийг шийдвэрлэсэн" гэв.