Б.Чойжилсүрэн: ААН-ийн 5,000 кВт хүртэлх цахилгааны хэрэглээнд 14, үүнээс дээшхэд 28%-ийн төлбөр нэмэгдүүлж тооцно
2022/10/07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эрчим хүчний үнэ тарифын талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асуув.
Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Нүүрсний уурхайд эргэлтийн хөрөнгийн дутагдал өнөөдрийн байдлаар 109.2 тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний эргэлтийн хөрөнгө байхгүйн улмаас бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүйд хүрээд байгаа. Эрчим хүчний бусад үйлдвэр мөн ялгаагүй ийм нөхцөлд байна. Галлагаа, шатахууны сэлбэг хэрэгслийн материалын үнэ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байгаа. ОХУ-аас оргил ачааллын үед эрчим хүч импортоор авдаг. Ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөгт хүрэх эрсдэл үүссэн.
Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн гэдгийг хэлье. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд эрчим хүчний үнэ тарифыг өөрчилсөн. Харин одоо 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаад байна. Эхний ээлжид айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно" гэдгийг хэллээ.
Харин "Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох юм" гэдгийг сайд Б.Чойжилсүрэн дурдав.
Энэхүү тооцооллыг хийгээд төлбөрийг нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого эрчим хүчний салбар олох боломжтой аж.
Гэхдээ "Энэ нь бараа бүтээгдэхүүнийхээ өртгөөс 28 орчим хувиар дутуу байгаа юм. Бүрэн гүйцэд хааж чадахгүй. Цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэх цаг нь мөн үү гэдэг талаар судалгаа хийсэн. Ойрын хугацаанд ингэж нэмэгдүүлэхгүй бол гал алдах байдал үүссэн учраас аргагүйн улмаас ийм шийдвэр гаргаж байна" гэдгийг салбарын сайд онцоллоо.
зочин · 2022/10/10
Үнэндээ ард түмний нуруу хотойж бна даа.Хэзээ хугарах юм ядарч бна да.Талхны үнийг чи дахин нэмлээ.
Зочин · 2022/10/09
УБ ын түгжрэлийн эзэн шавар ширэнгийн хаан, зөвхөн олох мөнгөө гаргуун тооцоологч, цаад үүсэх бусдын зовлонгийн шалтгааныг хэзээ ч тооцож үзэхгүй харь элэгтэй хүнээр сайд тавьсан даа. Энэ хүн зөвхөн мөнгө олохыг л бодож хийнэ. Өөр чадах зүйлгүй.