"Сэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас 100% хариуцдаг"
2022/10/10
Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жил тус өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор өнгөрүүлэхээр болжээ.
"Сэтгэцийн эрүүл мэнд" гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг байна. Хүн бүр бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд ч мөн эрүүл байх нь чухал.
ЭМДЕГ-аас мэдээлснээр сэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг байна. Үүнд:
- Амбулаторийн үзлэг, оношилгоо
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Эмийн эмчилгээний төлбөр багтжээ.
Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлснөөр харьяа өрх, сум, дүүргийн болон улсын эмнэлгүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн дээрх тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой аж.
Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт, илрүүлэг үзлэг шинжилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг багтсан. Үзлэгийг бүх насныханд асуумж судалгаагаар хийж байгаа бөгөөд 230 иргэнд сэтгэц, зан төрхийн эмгэгийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Насны бүлгээр авч үзвэл, 6-17 насны хүүхдүүдэд сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн сэжигтэй тохиолдол илэрснийг ЭМЯ мэдээлээд байна.