"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ээжүүдээс мөнгө авсан байж болзошгүй гэх хэргээр АТГ шалгаж байна
2022/10/12
"Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлжээ.
2021 оны гуравдугаар сард тус эмнэлгийн захирлаар томилогдсон түүнийг төрөх ээжүүдээс мөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар АТГ шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Бидэнд олдсон мэдээллээр, Ж.Энхцэцэг нь харьяаллын бус эхчүүдэд төрөх зөвшөөрөл өгч, мөнгө авдаг байсан талаар гомдол гарсны дагуу ийнхүү шалгаж байгаа аж.
Түүнчлэн тус эмнэлгийн маш олон мэргэжилтэн ажлаасаа гарсан гэх мэдээлэл бий. Мөн тус эмнэлэгт 2021 онд хоёр удаа, энэ онд нэг удаа эхийн эндэгдэл бүртгэгджээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч, өнгөрсөн сард хоёр ч удаа шалгалт хийжээ.
С.Энхболд: ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, Ёс зүйн хорооноос шалгалт хийсэн нь үнэн. Дүгнэлтийг мэдээлэх боломжгүй
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос утсаар тодруулахад ЭМЯ-наас "Өргөө" амаржих газарт шалгалт оруулсан нь үнэн гэдгийг батлав.
Тэрбээр “ЭМЯ-ны дотоод аудит буюу ЭМ-ийн сайдын дэргэдэх Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон Ёс зүйн хяналтын хорооны шалгалтыг өнгөрсөн есдүгээр сард хийгээд дууссан. Дүгнэлт нь аль хэдийн гарсан. Гэхдээ зөрчил илэрсэн эсэх талаарх дүгнэлтийг мэдээлэх боломжгүй” гэсэн юм.
Харин бидний олж авсан мэдээллээр, ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хорооны шалгалтаар "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.