Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд 8 автомашиныг хамарсан  зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, энэ сарын 10-нд Toyota Land Cruiser авто машины жолооч 29 настай эмэгтэй найман автомашин болон явган зорчигч мөргөж гэмтээсэн билээ.Хохирогч хоёр хүүхдийн нэгнийх нь хөл хугарсан бөгөөд одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Осол гаргасан жолооч хааз тоормосоо андуурч гишгэснээс уг осол гарсан хэмээн мэдүүлж байв. Тэгвэл уг ослыг цагдаагийн байгууллагаас шалган шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.  "Хуулийн хугацаанд нь шалгасан. Энэ хэргийн холбогдогч эмэгтэй хуулийн дагуу шүүхээр орж, хариуцлагаа хүлээнэ. Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэй жолооны курст суралцаагүй байсан" гэх мэдээллийг албаны эх сурвалжаас өглөө.  

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойд замд 4 автомашин мөргөлдөж хүн гэмтсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 19:12 цагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалтыг хийхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны 10 дугаар 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна.

Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ба нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон.

Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.