Энгийн гадаад паспортыг ирэх оноос эхлэн цахимд шилжүүлнэ
2022/10/20
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-т өчигдөр Хууль зүйн Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцжээ.
Энэ үеэр яригдсан онцлох асуудлын нэг нь энгийн гадаад паспортыг ирэх оноос эхлэн цахим болгох тухай юм.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн. Мөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн тодорхой асуудлуудаа шийдсэн, дараа дараагийн алхмууд хийгдээд, бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Цаашлаад тулгамдаж буй асуудлууд их байгаа ч бид тухай бүр шийдлийг олж, улам боловсронгуй болгох, мөн цахимын багц хуулиуд болон бүртгэлийн багц хуулиуд хөрсөнд буухдаа хэрэгжилт ямар байна, аль шатанд явж байна, хэрхэн хангагдаж байна, юу нь болж юу нь болохгүй байна гэдэг тал дээр илүү анхаарч ажиллана" гэжээ.
Цахим буюу и-паспорттой болсноор иргэд бусад улс оронд зорчиход ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй нэвтрэх боломж нээгдэнэ. Мөн иргэний үнэмлэхээ чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжиж байгааг УБЕГ-аас мэдээлэв.