Монгол хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дэлхий нийтэд мөрдөгдөж буй зөвлөмж хэмжээнээс 5-6 дахин их байна
2022/10/24
Хар тугалгын хордлогоос урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоногийг жил бүрийн аравдугаар сарын 23-29-ний өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ онд арав дахь жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хар тугалгын хордлогод үгүй гэж хэлье” аяны хүрээнд болж байна.
Энэ талаар ЭМЯ-ны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, профессор С.Юндэн "Химийн зуун хэмээн нэрлэгдэж байгаа 21 дүгээр зуунд хар тугалгыг өргөн дэлгэр хэрэглэдэг болсон. Жишээлбэл, хар тугалгыг хэвлэлийн үйлдвэр, бензин, будаг зэрэг олон төрлийн зориулалтаар ашигладаг. Бензиний хольцын улмаас хар тугалгын хордлого гардаг. Түүнчлэн нүүрсний утаан дотор хар тугалгын найрлага бий. Эдгээр нь манай улсад хамгийн элбэг тохиолддог хар тугалгын нөлөөлөл.
Хар тугалгын хордлого нь ихэвчлэн тархи болон бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх замаар илэрдэг. Тодруулбал, хар тугалгын хурц хордлого нь тархины хүнд хэлбэрийн эмзэгшил үүсгэдэг. Улмаар толгой өвдөх, тархины хаван үүсэх, унаж татах, ухаан алдах зэрэг хүнд хэлбэрээр илэрдэг.Мэдрэл судал дагасан тохиолдолд үе мөчний өвчин түгээмэл илэрнэ. Удаан хугацаагаар хар тугалгын хордлого үргэлжилбэл бөөрний үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэг" гэсэн юм.
Хар тугалгын архаг хордлогын үед,
- үе мөч, булчин өвдөх
- ядарч сульдах
- нүүр ам харлах
- арьс үрэвсэж, шархлах
- шүд, аман дээр хар тууралт гарах шинж тэмдэг илэрдэг.
Ялангуяа захын мэдрэлийн тогтолцоонд нэлээд өөрчлөлт үзүүлэх сөрөг нөлөөтэй. Улмаар тавхай, сарвуу унжих гэх мэтчилэн шинж тэмдэг илэрнэ гэдгийг тэрбээр хэлэв.
Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Д.Нарансүх "Манай улсад 1996 оноос эхлэн хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Үүнээс харахад бага насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дээд тал нь 29 микрограмм децилитр байна. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмж хэмжээнээс 5-6 дахин их хэмжигдсэн үр дүнтэй байгаа юм.
Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдүүд болон харьцангуй бохирдол багатай бүсэд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга тодорхойлсон 2016 оны судалгаа бий. Үүнээс харахад манай улсын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дэлхий нийтэд мөрдөгдөж буй зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
Хүүхдийн цусанд хар тугалга их байгаа нь агаарын бохирдлоос шууд шалтгаалж байна. Хоёрдугаарт ундны ус, хүнсний бүтээгдэхүүн хадгалж буй сав, бусад хэрэгсэл бохирдлын гол эх үүсвэр болж буй. Мөн барилгын материалд ашиглаж байгаа хар тугалгын хэмжээг анхаарч үзэх шаардлагатай байна" гэлээ.
Зочин · 2022/10/25
OOR ULSUUDAD HUUHDUUD NI INGEJ BAINGA OVDOJ ANTIBIOTEK UUJ BAIGAA ULS ALGA ENE AGAARIIN BOHIRDOLOOO YNZLAHGUI BOL BISNII IREEDUI BHGUI BOLLOOO