"Сэтгэшгүй" ХХК-ий Ерөнхий Захирал С.Хүрэлбаатартай ярилцлаа.

 

Та НҮБ-ын ЕНБ-ийн дарга А.Гутерреш, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарт хандаж “Өр үгүй дэлхий” гэсэн захидал бичжээ. Ямар агуулгатай захиа вэ? 

 

НҮБ болон АНУ, Хятад, Япон зэрэг улсууд өрөөрөө дэлхийд тэргүүлдэг юм байна. Хэдэн зуун триллион долларын асуудал яригддаг. Монгол уУсын гадаад өр бол 34-38 тэрбум долларын хооронд хэлбэлздэг гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр бид яагаад энэ өрийг төлөх ёстой юм бэ? Эд нар чинь ихэнх нь барилга, дэд бүтэц гээд бидний хөгжилд ороод ирсэн. Хятадаас авсан зээлүүд байна. Хятад өөрөө цаашаа асар их өртэй. Ингээд өрийн сүлжээнд орчихсон. Монголчуудын  маань өрөнд дургүй сэтгэлгээ надад байдаг учраас би энэ асуудлыг ярьж байгаа юм. Ердөө л бүх өрөө тэглэчихмээр байна. Монголын 34 тэрбум долларын өр тэглэгдэнэ. Хятадын 180 гаран триллион долларын өр тэглэгдэнэ. Тэгээд бүгдээрээ хөгжлийн шинэ гараанаас эхлэх ёстой. Тэгээд бид энэ 34 тэрбум доллараа анагаах ухаанд зарцуулмаар байна.

Сая бид Ковид цар тахлын үеэр “алууллаа” шүү дээ. Анагаах ухаан ямар муухай хоцрогдсон байна. Мэдэж байгаа биз дээ.

 

Мөн бид сурч, боловсрох хэрэгтэй байна. Ядуурлаас гарах хэрэгтэй байна. Энэ гурван чиглэлд зээлээ зарцуулах хэрэгтэй байна. Энэ асуудал Африкт ч, Монголд ч байна. Улс бүр өөр өөрсдийн анагаах ухаанд зээлээ зарцуулах хэрэгтэй байна. Ердөө эдгээрийг л Монголын ард түмэнд танилцуулья гэж бодсон юм. 

 

Улс орнууд санаан зоргоор ингэж өр, авлагаа тэглэх үү?

 

Тэглэгдэнэ шүү дээ. Яагаад НҮБ дээр яривал зүгээр вэ гэвэл хамгийн түрүүнд Тажикстан, Грек, Шри-Ланк зэрэг улсууд бүгд дэмжинэ. Эдгээр улсууд дефолт зарлачихсан, Хятадын цэргүүд ороод ирчихсэн байгаа. Би ч гэсэн Монгол улс өртэй байхыг, манайд гадны цэрэг орж ирэхийг хүсэхгүй. Энэ их өр тэглэгдвэл ямар их ач холбогдолтой вэ гэдгийг бодох хэрэгтэй. 1920-д онд бид Хятадын Даашинхүүгийн пүүсэнд тавьсан өрийг тэглэж чадсан. Тэглэснээр Хятад улс муудсан уу. Муудаагүй. ОХУ бас өрөө тэглэсэн. ОХУ муудсан уу. Муудаагүй. Тэгэхээр ерөөсөө өрийг бүх дэлхийгээрээ тэглээд үүний дараа харин өрөө төлж чадахгүй бол газар нутгаа өг, барьцаанд авч болно, бүх зүйлийг нээлттэй орхих ёстой. Тэгэхээр “Өр үгүй дэлхий” гэдэг үгийг л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д хэлчихээсэй л гэж бодож байна. Олон улс дэмжинэ дээ. Оросын ард түмнийг Ротшильдийн гэр бүлийн өрнөөс салгасан шүү гээд Путин онгирч байсан шүү дээ. Үүн шиг чухал юм байхгүй. Дарамтгүй болж байгаа хэрэг. 

 

Монгол улс хил, газар нутгийн хувьд тусгаар тогтносон боловч санхүү, эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо алдсан гэж та хэлсэн. Яагаад? 

 

Бид хоёр хөрштэйгээ газар нутгийн ямар ч маргаангүй. Өвөг дээдэс энэ асуудлыг шийдээд өгчихсөн. Бид баярлаж явах ёстой. Харин одоо бид цаасан дээр, эдийн засгийн хувьд харийнхний боол болчихсон. Сая шуугиад өнгөрдөг махны асуудал байна. Хятадууд ямар муухай хортой мах хийж байна. Гэтэл махны бизнес эрхэлдэг миний найзын үйлдвэрт 50-хан сая төгрөг олдохгүй байна, өгөхгүй байна гээд яриад сууж байна. Монголчууд өөрсдөө юм хийх гэхээр мөнгө байхгүй, гацчихсан. Шуудхан хэлэхэд бид махны үйлдвэрлэлээ алдчихсан. Эдийн засгийн хувьд тусгаар тогтнолгүй болчихсон.

 

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчлахдаа Монгол улсад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Онц. Хөрөнгө оруулалт хийсэн юм чинь хөрөнгөө эрт, орой хэзээ нэгэн цагт эргүүлж авна даа. Тэр цагт Монгол улс дахиад төлж чадахгүй өрөнд орно. Жишээ нь тэр нефтийн үйлдвэр байна. Чамд ч, надад ч ямар ч ашиггүй. Харин гадаадын банкны 3 хувийн хүүтэй зээл ороод ирэх юм бол чи өөрийнхөө, би өөрийнхөө хийх ёстой үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. Ингээд үйлдвэрлэл хөгжүүлээд явья гэсэн инженерүүд Монголд өчнөөн байна. Том, том төслүүд өчнөөн байна. Гол нь Хятадын, Оросын, Английн, АНУ, Япон, Германы банкуудыг оруулж ирэх хэрэгтэй. 2018 онд хууль нь гарсан ч одоо хүртэл удаашруулаад л яваад л байна. Үр дүнд нь банкны эздийн халаас түнтийнэ, маниусынх үгүй шүү дээ. 

 

Санхүү, эдийн засгийн тусгаар тогтнолоо олохын тулд гадны банкуудыг оруулж ирье гэдэг саналыг та дэвшүүлж байна уу?

 

Тийм ээ.

 

Яагаад?

 

Монголын банкууд Монголчуудыг мөнгө, санхүүгээр хангаж чадахгүй болчихсон. Монголын ард түмэн банкны арваадхан гэр бүлийн халаасанд орчихсон. 100 сая төгрөг зээлээд 30 саяыг тэдэнд хүүнд нь өгч байх жишээтэй. Тэгээд өнөөдөр банкаа хаачихсан байна. Гэтэл Хятадын, Оросын банкуудад 1.5-2 хувийн хүүтэй зээлүүдтэй. Монголд нэг хувь нэмээд 3 хувь болгоод тэр зээлүүдээ оруулаад ирэг л дээ. Ингээд эдийн засгийн эргэлт хэдий чинээ сайжирна, бидний амьдрал төдий чинээ дээшилнэ. Би хэдэн сайхан эмч нараа “халчихсан”. Манай эмнэлэг хоёр, гуравхан эмчтэй үлдсэн. Хэрвээ гадны банк байсан бол надад хийх ажил асар их байна. Асар их.

 

Гадны банк орж ирвэл Монголын тусгаар тогтнол алдагдана гэж банкны эзэд ярьдаг юм. Түй май гэе. Би салаавч өгчих үү (салаавч гаргав).

 

Гадны банк орж ирээд бидний тусгаар тогтнолыг алдагдуулах юм хийж чадахгүй ээ. Хятадын банкууд бол шударга байдаг. Тиймээс банкыг нь оруулж ир. Хөрөнгө оруулалт нь хэрэггүй. 

 

 

Банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид эдийн засгийнхаа судас, цус болсон мөнгө, санхүүгийн салбараа гадныханд бариулвал харин ч тусгаар тогтнолгүй болно. Өндөр хүүтэй зээлтэй ч гэсэн тусгаар тогтнолтойгоо байсан нь дээр шүү гэдэг. Тийм биш гэж үү? 

 

Бээжинд Орос, Герман, АНУ-ын банк байдаг. Орост АНУ-ын банк бий. Монголд хаанахын банк байна. Долларын ханшийг тогтворжуулья гэвэл АНУ, Европын банкыг оруулаад ир. Мөнгөний ханшийг бас тогтворжуулах хэрэгтэй байна.

 

Гадны банкыг яагаад оруулж ирдэггүй юм бэ? Та юу гэж бодож байна?

 

Би банкны эзэн байна гэж бодьё. Нэг тэрбум төгрөг чамд зээлээд 200 сая төгрөг хүүнд нь авч байвал надад ашигтай шүү дээ. Ердөө л энэ. Тэгээд үүнийгээ тусгаар тогтнол гэж хуцаад байгаа юм. Гэтэл олон улсын банк 30 сая төгрөг л авч байна. Ялгаа нь үүндээ бий. Өнөөдөр бид хэдий чинээ олон улстай харьцана төдий чинээ тусгаар тогтнолоо баталгаажуулна.

Гадны банк оруулж ирэх асуудлыг 1920-иод онд Д.Бодоо, С.Данзан нар ярьж л байсан байхгүй юу. Өнөөдөр гадны банк оруулж ирсэн улс хөгждөг болохоос биш дотоодынхоо мөнгөөр хөгжсөн улс дэлхийн түүхэнд байхгүй.

 

Дараагийн нэг асуудал бол Ковид цар тахлын үед Монголын төр ажлын байр хадгалах зорилгоор цалин тавиарай гэж нэг жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээл олгосон. Одоо эдийн засаг сэргээгүй байхад үүнийгээ нэхэж байна. Энэ хамгийн буруу үйлдэл. Нэг бол хугацаа сунга, үгүй бол энэ өрийг тэглэ. Мөн “Таван толгой”-н хувьцаанаас орж ирж байгаа мөнгийг ард түмэнд тараахаа больё. Тэр мөнгийг цахилгаан станцуудад өг. Цахилгаан, дулаан, усыг үнэгүй олгох асуудал байна. Энэ бол иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Иргэдийн орлогын багагүй хувь нь үүнд зарцуулагдаж байгаа шүү дээ. Энэ мөнгөөрөө мах, гурилаа авбал Монголчуудын амьдралд өгөөжөө өгнө. Ард түмэн газрын доорх баялгаасаа хувь хүртэх эрхтэй. Эрдэнэт үйлдвэр гэхэд л цахилгааны төлбөрийг бүтэн жилээр нь даасан. Болж л байна шүү дээ. Байр, дулаан усны мөнгийг тэглэ. Үүнийг Таван толгойн уурхайд хариуцуул. 

 

Та Монголчууд өөрөө, өөрсдийгөө шулж байна гэж хэлсэн. Тодруулбал банкуудыг хэлээд байна уу?

 

Нэгдүгээрт банкныхан. Хоёрдугаарт төр засаг. Бүгд ББСБ-тай, бүгдээрээ ард түмний халаасанд гар дүрчихсэн. Надад ямар ашигтай болоод би энэ төслийг чинь дэмжих юм бэ гэж зарим нэг Ерөнхий Сайд асууж байсан юм гэнэ лээ. 2000 оны эхээр АНУ-аас Улаанбаатар хотыг чинь утаагүй болгоод, барилгажуулаад өгье гэхээр нь нөгөө тэнэгүүд чинь надад хэдэн доллар өгөх юм бэ гэж асуусан байдаг юм. Ингэж төрийг бизнес болгосон хүмүүс төрд асар их байна. Бидний мэдэж байгаагаар гадны хөрөнгө оруулалт орж ирэх юм бол эхний таван жилд татваргүй гэснээс болж Бороо гоулд өнөөдөр биднийг ухсан шороотой үлдээсэн. Тэндээс гарсан ашиг гэж байгаагүй. Бүгдийг гадаадынхан аваад зугтаасан. Таван жилд алтыг нь аваад, хаагаад дуусгасан. Одоо Хармагтайн орд гэж яриад байна. Хэзээ ч үүнийг ашиглаж болохгүй. Үүнийг ач, гуч, дөчдөө үлдээмээр байна. Ядаж ганц бүтэн газар шороо үлдээмээр байна. Бороо гоулд шиг хоосон бус алттай, эрдэнэстэй газар шороо үлдээмээр байна. 

 

Санхүү, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахад хүргэсэн гол шалтгаанууд нь юу вэ?

 

Бид өнөөдөр дефолт зарлахад бэлэн болсон. Ард түмэн мөнгөгүй болоод дампуурчихсан. Дээрээс нь харийнхан орж ирээд тоглочихсон. Солонгосууд их орж ирж байна. Хятадууд, Оросууд гээд л. Орос харин бага шүү, хөөрхий. Канадууд байна. Оюу-Толгойг чинь шулж, мөлжиж байна шүү дээ. Өмнө бид баахан юм ярьж, шантаачилж байгаад халаасаа дүүргэчихсэн. Одоо бахь байдгаараа л байна шүү дээ. Бидний амьдрал дээшилсэн юм алга байна. Ер нь бол 2024 онд улс төрд шинэ хүчнийг гаргах ёстой. Хугацаа алдмааргүй байна. Би бол гадны банк өнөө маргаашгүй орж ирээсэй л гэж бодож байна. Би дотроо их төсөөлөн боддог л доо. Монголд банкаа оруулж ирээчээ гэж Хятад, АНУ, Оросын элчингийн өмнө жагсаал хийнэ. Үүнийгээ хэрэгжүүлж эхлэнэ. 

 

Тантай уулзсаных далимдуулаад асуухад та хоёр эхнэртэй болох хууль батлах ёстой гэдэг. Энэ үзэл бодол тань одоо хэвээрээ байдаг уу?

 

Хоёр биш гурав шүү дээ. Энэ үзэл бодол хэвээрээ. Гэхдээ хүний эрх, эрх чөлөө гэдгээр энэ хууль батлагдахгүй юм билээ. Ер нь бол бид Монгол цусаа авч хоцорьё гэвэл, Солонгосчуудын, Хятадуудын, Америкчуудын өвөрт хэвтэж байгаа тэр охидуудыг бид хоёрдогч эхнэрээ, бага хатнаа болгож авах ёстой. Өнөөдөр төрж буй 10 хүүхдийн нэг нь эрлийз байна. Яахав байгалийн хууль байх л даа. Гэхдээ Монгол цэвэр цусныхаа төлөө тэмцэх, дуугарах хүнгүй болчихсонд харамсаж байна. Өнөөдөр цэвэр цусны асуудал яригдаж байна. 

 

УИХ-ын 2024 оны сонгуульд та нэр дэвших үү? 

 

Би нэр дэвшинэ. Гэхдээ мөнгө зарахгүй. Би тэдэн шиг хэдэн зүун саяар нэр дэвшиж, мөнгө зардаг ч үгүй. УИХ-д сонгогдсон нэг эмэгтэй 500-700 сая төгрөг сонгуульд зарсан байдаг гэнэ лээ. Өөрсдийнх нь судалгаа тэгж гарсан байгаа юм. Энэ зарсан мөнгөө олж авахын тулд тэд яаж ажиллах вэ? Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол шударга ёсны төлөө яг зогсож чадна. Надад тийм ухаан байна. Өнөөдөр би Монгол хүн болж төрснийх үр хүүхэддээ, ач гучдаа “Өр үгүй дэлхий”, цэвэр Монгол цус хоёрыг л үлдээхийг хүсч байна.

 

 

Ярилцсан Ч.Явуухүү

sonin.mn