Д.Болд: Зөвхөн штамп даруулахаас болоод нүүрс тээвэр удааширч байна
2022/11/01
Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн жолоочоор ажиллаж буй иргэн Д.Болдтой ярилцлаа.
-Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байна вэ?
-Ер нь хүн харахад хэвийн л дээ. Үйл ажиллагаа нь хэвийн явдгаараа явж л байна. Гэхдээ нүүрс наалтын талбай гэж жолооч нар ярьдаг. Ачилтын талбай, гаалийн баталгаат бүсээс нэгэн зэрэг гадагш нь гаргаж тавьдаг учраас шөнө болгон л нэг машин талаараа харж унаж байна.
-Талаараа харж унана гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Шөнө бүр нэг машин онхолдож унаж байна. Нүүрстэй машин зам руугаа орж чадахгүй нэг талаараа харуулдаж унадаг.
Гаалийн баталгаат хяналтын талбайгаас гол зам руугаа орох хэсэг нь их эвгүй. Том тэрэг гарахад олигтой биш. Түүнийг нь хяналтын ажилчид хоорондоо холбоогоор яриад цагийг нь 5-10 минутаар зөрүүлээд тавьчихгүй бүгдийг нь нэгэн зэрэг явуулаад, нөгөөдүүл нь зам дээрээ хахчихдаг байхгүй юу.
Наалтын талбайд нүүрс ачихад усжилт ерөөсөө хийдэггүй. Хятадынх болохоор усалгаа хийгээд шороо тоос гаргадаггүй. Тэгээд Монгол талдаа битүү тоосжилттой.
Хоёрдугаарт, талбайн гэрэлтүүлэг маш муу. Мэргэжлийн хяналт байтугай миний нүдээр харахад жолоочийн эгц өөдөөс гэрэл нь тулаад үзэгдэх орчин хязгаарлагддаг. Тэр нь маш төвөгтэй. Тэр дотор хөдөлгөөнд оролцоход их хэцүү юм харагдахгүй. Гэрэлтүүлэг маш буруу. Түүнийг нь хэлээд шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Хятадынх бол их өндрөөс гэрэлтүүлэгтэй байдаг. Манайх гэтэл гэрэлтүүлгээ дандаа буруу байршуулсан.
-Штамп дарахад бас асуудал гардаг гэсэн. Ямар асуудал тулгарч байна вэ?
-Хятадын тал дөрвөн эгнээ урсгалаар машинуудыг татдаг. Дөрвөн хүн дөрвүүлээ зэрэг штамп дараад сууж байна. Манайх болохоор дөрвөн эгнээ штамп дарах пост нь байгаад байдаг. Гэтэл 1-2 хүн л суудаг. Хятадын талын хурдыг гүйцдэггүй.
Пост нь хүнгүй газраар орсон жолооч нар бууж гүйгээд хүнтэй пост дээр очиж штампаа даруулна. Үүнд нь шаардлага тавихаар нохой хуцна чинээ тоохгүй.
Монголын талд дөрвөөрөө татсан бол эрт гэгч нь гараад дуусчихаар байхад л ганц хүн суугаад 22:00, 23:00 цаг хүргэчхэж байгаа юм. Хятад нь маш хурдан татаад байдаг. Наад талд нь Монголын хил дээрээ овоороод байдаг. Тэгээд л хөдөлгөөн удаашраад хамаг асуудал ундардаг.
Тэр хилийн ажилчид нь бага албан тушаалтандаа шаардлага тавьж чаддаггүй юм уу, эсвэл арын хаалганыхан байдаг юм уу, дарга нарынх нь авгай хүүхнүүд байдаг юм уу дурын цагтаа хаяад явчихна. Эсвэл нэг постондоо хоёулаа нийлээд хов яриад, сууж байна.
Заримдаа байгаа хэрнээ штампаа дарахгүй гap утсаа оролдоод суучихна. Цааш ороход нэг тиймэрхүү л байна. Аравдугаар сарын 29-ний өдөр 13:30 цагг ганцхан штамп дараад сууж байсан. Дөрвөн урсгалд ганцхан хүн сууж байхаар жолооч нар бууж гүйж очоод хүнтэй газраар нь штампаа даруулдаг. Ингээд удаашрал үүсэж байгаа юм.
-Халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд бариад байгаа гэсэн. Дэглэмээ барьж чадаж байгаа юу?
-Тэр нь яах вэ, Хятадын талын шаардлагад нийцүүлээд комбинзон өмсөөд, маскаа зүүгээд, хамаг юм нь битүү. Хятадын талд штамп даруулсан хүн нь бууж нүүрээ таниулна. Тэр бол асуудалгүй.
-Нүүрс дутуу ачдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нэг машинд дандаа 137, 138, 139 тн ачаад байдаг юм. Уг нь өдөрт 500 машин гаргалаа гэхэд нэг тонныг нэмээд ачаад гаргачихмаар байна. Хяналтын пүүн дээрээ жин тохируулдаг экскаватор гэж юм байдаг. Энд хоёр, гуравхан хүнд л байдаг. Бусдад нь байхгүй.
Манайх болохоор дөрвөн эгнээ штамп дарах пост нь байгаад байдаг. Гэтэл 1-2 хүн л суудаг. Хятадын талын хурдыг гүйцдэггүй
Дутуу гаргаад байхаар бөөнөөр нь гаргах зорилтод нь хүрэхгүй л байхгүй юу. 500 машин нэг тн дутуу гаргаад байхад л 500 тн болно. Тэр чинь дор хаяж дөрвөн машин нүүрс болно биз дээ. Тэгэхээр дахиад л бөөн зардал гарна. Харамсалтай байхгүй юу.
-Өөр ямар асуудлууд тулгарч байна вэ?
-Хятадын талд буулгах гэж оочерлоно, хүлээнэ. Тэгээд олон талбай руу сална. Эргээд буцаж гардаг боомт дээрээ бөөгнөрнө. Бас нэлээд хэцүү л дээ. Тэгээд наашаа буцаж гарахад Хятадын тал дөрвөн эгнээгээр дөрвөн хүн суугаад татаж байхад манай талд 29-ний орой мөн л нэг хүн суучихсан бусад нь байхгүй. Тэгээд л Монгол талын хоолой дээр машинууд нь хахчхаж байгаа байхгүй юу.
Тэгэхээр чинь цаана Хятадын талд хаалга, цонх шилээ бүгдийг нь лацдуулчихсан онгойлгож болохгүй. Биологийн асуудлаа шийдэх боломж ерөөсөө байхгүй. Тэндээс гарахдаа жолооч нар өлсгөлөн явдаг. Яагаад өлсгөлөн явдаг вэ гэхээр хүндээр бие засах боломжгүй учраас түүндээ тааруулаад бие засахгүйн тулд урьд шөнөөс нь эхлээд юу ч идэхгүй. Өдөржин хоосон явдаг. Наашаа гарахад өлссөн ходоод, чинэсэн давсаг гэдэг чинь хэцүү мэдрэмж шүү дээ. Түүнийг хайхарч байгаа хүн ер байхгүй. Тэгээд тэнд чинь эрүүл мэндийн хуудас даруулна гэж нэг бууна.
Штампаа даруулахад дахиад бууна. Мөн гаалийн бичгээ хаалгах гэж гурван удаа нааш цаашаа гүйнэ. Тэгэхэд чинь давсаг нь чинэсэн, өмдөндөө дусаачих гээд явах үнэндээ хэцүү. Дор хаяж 6-7 цаг болно. Бүр 8-9 цаг ч болж магадгүй. Тэгж удаан тэвчиж явах хэцүү шүүдээ.
-Хилийн цэргийнхний харилцаа хандлага ямар байдаг вэ?
-Арван жилийн өмнө хилийн цэргийнхний харилцаа хандлага их боломжийн байсан. Гэтэл одоо бол харц нь ч хүйтэн болж. Ааш зан нь ч түрэмгий болж. Ер нь бол жолооч нартай эрүүлжүүлэхэд байгаа согтуутай харьцаж байгаа цагдаагаас бараг дор харьцах гээд байна.
Улс эх орон нь нүүрс тээврээ гаргая, улс эх орноо бодъё. Мөнгө төгрөг олох ганц гарц гээд байдаг. За, тэр нарийн ширийн гэрээ хэлэлцээрийн асуудлыг би мэдэхгүй.
Хамгийн доод шатандаа ажиллаж байгаа хүмүүс хоёрын хооронд хөгийн юмнаас болж татан авалт нь гүйцэхгүй, Хятадын тал цаг нь болохоор хилээ хаачингуут зогсоол олдохгүй. Дахиад 500 машин хүлээгээд зогсож байдаг. Гэтэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг туйлын хариуцлагагүйнх биз дээ. Үүнд л бухимдал төрөөд байх юм.
жолооч нартай эрүүлжүүлэхэд байгаа согтуутай харьцаж байгаа цагдаагаас бараг дор харьцах гээд байна
Зөвхөн штампаас болоод удааширч байгаа юм. Тэгээд энэ хилийн цэргийн штамп дардаг нөхдүүд нь солигддог ч үгүй. Яах ч үгүй байгаад байдаг нь сонин. Эсвэл тийм дархлагдсан улсууд байдаг юм уу. Ямар учиртай улсууд байдаг юм. Цалин авч байгаа юм бол ажлын цагаараа постондоо яг суугаад, ачаа бага байсан ч яс сууж байх ёстой шүү дээ. Тэр чинь гэнэт оволзоно, гэнэт багасна. Харьцангуй шүү дээ.
Өчигдөр л гэхэд Монголын талд дөрвөөрөө татсан бол эрт гэгч нь гараад дуусчихаар байхад л ганц хүн суугаад 22:00, 23:00 цаг хүргэчхэж байгаа юм. Хятад нь маш хурдан татаад байдаг. Наад талд нь Монголын хил дээрээ овоороод байдаг. Тэгээд л хөдөлгөөн удаашраад хамаг асуудал ундардаг.
-Одоо Гашуунсухайт боомтод хэчнээн машины дараалал үүссэн байгаа вэ. Танд баримжаа байна уу?
-Одоо дараалал гэж юм байхаа больсон. Бөмбөлөг гэдэг чинь дарааллаа хуваагаад тэдэн бөмбөлөг орно гээд хуваариар ачдаг болсон. Тиймээс хуучинтай адилхан 50, 60,100 км оочерлоно гэсэн юм байхгүй болсон. Бусад цагт нь амарч байна.
-Кемпүүд баригдсан гэсэн. Хэчнээн кемп байгаа юм бол?
-399 бөмбөлөг байгаа. Шинээр үүсэж буй бөмбөлгүүд ч бий. Энд байгаа ачилт буулгалтын янз бүрийн компаниуд гээд зөндөө олон байх аа. Ямар ч байсан машиндаа хонодог жолооч одоо байхгүй.
-Бөмбөлөг гэж юу юм бэ?
-Нэг компанийн тээврийн багийг л бөмбөлөг гэж байгаа юм.
-Өөрсдийн хэллэг гэсэн үг үү?
-н.Амарсанааг боомтын онцгой эрхтэй байх үед гарсан хэллэг л дээ. Бөмбөлөг тээврийн баг гэж нэршил гарсан. Нэг баг 5, 10, 20 ч юм уу хүнтэй.
Боомтын ажилчид төдөн машин шинжилгээнд орно гэвэл тоогоороо гардаг юм. Тэгээд Хятадын талтайгаа харилцан тохиролцоод гарч байгаа бөмбөлөг нь манай хилийн цэргийнхний арчаагүй байдлаас болоод удаашраад байгаа нь харамсалтай. Наашаа гарахад цаана хонуулахгүй болохоор Хятад тал бол яаж ийгээд гаргаад байдаг. Наад талдаа болохоор хөдөлж ядаад хүнд суртал гаргаад байгаа нь маш хэцүү байна л даа.
-Нэмж мэдээлэх зүйл танд байна уу?
-Бүтээлэг хуулах ажиллагаа хийгддэг. Түүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юм юу ч байхгүй. Тэр өндөр машин дээр авирч гарна. Салхитай үед бүтээлгэндээ шүхэрлэж нисчих гээд хэцүү. Түүнийг дүрмийн пост буюу гаалийн бүс рүү орохоор заавал штамп дарах гэж яарч сандарч байгаа үед авахгүйгээр наана аажуухан авч болдог болгомоор санагддаг.
Дүрмийн пост гэж ярьдаг, түүнээс гаалийн бүс хүртэлх замаа камержуулчихвал сайн л байна. Бид гаалийн бүсээс гараад бүтээлгээ хуулдаг. Замдаа пост хүлээж зогсохдоо сандарч тэвдэлгүй, яаралгүй бүтээлгээ авах бололцоо олддог бол сайн л байна. Тэгэхгүйгээр бүтээлгээ хуулах явцдаа салхинд шүхэрлэж нисээд, унаж бэртсэн тохиолдол гарч байсан.
Зочин · 2022/11/01
Наад хилийн цэргийн удирдлагуудаа солиоч ээ.