Бага насны хүүхдэд фэйсбүүкээр садар самуун дүрс бичлэг илгээж, нүцгэн зураг шаардаж дарамталсан этгээдэд ял оногдуулав
2022/11/01
Насанд хүрсэн этгээд болох Б хэн болохоо нууцалсан фэйсбүүк хаягаас 11 настай хохирогч С-тэй фэйсбүүкээр танилцаж, хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг, хичээл нь хэдэн цагаас тардаг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олж авчээ.
Улмаар садар самуун агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг түүний фэйсбүүк хаяг руу илгээн сүрдүүлж, биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг нь өөртөө авсны дараа “надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн фэйсбүүк группт тавина, аав, ээжид чинь үзүүлнэ” гэж мессеж бичиж, тодорхой үйлдэл хийхийг шаардан, гэр сургуулийнх нь гадаа ирэх, утсаар залгах, фэйсбүүк хаягаас зурвас илгээх зэрэг үйлдэл хийжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, Б-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Б-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ял оноолоо.
Хуульд зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг харин “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас аль нэгэн ялыг сонгон оногдуулахаар тус тус хуульчилсан байдаг.