Товчоодоор нэвтрэхэд хулгайн буюу өөр машины дугаар зүүсэн тохиолдлууд гарч байна
2022/11/08
Энэ оны аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгсэл товчоогоор гарахад бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүй болсон.
Мөн зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй. Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлага тавигдаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор гарч буй өөрчлөлт, зөрчлийн талаар Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Энхбаатараас тодрууллаа.
- Тээврийн хэрэгсэл товчоогоор гарахад бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүй болсон байгаа. Энэ өөрчлөлт орсноор нэвтэрсэн машины тоо хэр өөрчлөгдсөн бэ?
- Улаанбаатар хотын таван товчоогоор өдөрт 5-8 мянган машин нэвтэрдэг байсан. Энэ тоо аравдугаар сарын 22-ноос хойш 30-40 хувь нэмэгдсэн.
- Жолооч нарын хандлага ямар байна вэ?
- Дугаарлаж цаг хугацаа алдахгүй шууд нэвтэрч байгаа болохоор жолооч нар таатай хүлээж авч байна. Төлбөрийн хувьд дараа төлбөрт байдалд шилжсэн болохоор хөрсөн дээрээ буухад мэдээж тодорхой цаг хугацаа шаардана. Цаашид төлөлтийн хувь нэмэгдээд явах байх.
- Авто зам ашигласны төлбөр төлөх хувилбарын тухайд?
- Төлбөр төлөх үндсэн сайт болох www.roadpay.mn болон Smartcar, Гэрэгэ киоск, Монпэй, И-Баримт буцаан олголт, Сошиал пэй, Hipay, бүх банкны аппликэйшнээр төлөх бүрэн боломжтой.
- Ямар зөрчлүүд нийтлэг илэрч байна вэ?
- Танигдахгүй дугаар, хулгайн буюу өөр машины дугаар зүүсэн тохиолдлууд нэлээд гарч байгаа. Өөр серитэй дугаар зүүсэн автомашины мэдээллийг тухай бүрд нь Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэж яваа. Мөн үзлэг оношилгоотой холбоотой зөрчил илэрч байна. Оношилгоондоо ороогүй, даатгал хийлгээгүй бол цагдаа зогсоож, эхний ээлжид сануулж байгаа ба цаашид хөдөлгөөнд оролцуулахгүй.
Нэмж хэлэхэд, Налайх, Түргэний гүүр, Эмээлт гэсэн товчоодын цаана байдаг хорооны иргэд буюу Улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаг иргэдийн хувьд цагаан жагсаалтад бүртгэх буюу төлбөр төлөхгүйгээр орж гарч байгаа. Харин түр оршин суугчдад энэ нь хамаарахгүй. Тухайлбал, лагерь руу явж байгаа, тухайн нутаг дэвсгэрт байшин түрээсэлдэг, газартай гэсэн шалтгаанаар цагаан жагсаалтад багтахгүй.