Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчлэх төмөр замын “Railbus” өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарна.

РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай үйлчлэх уг рэйлбусыг өнгөрөгч сарын 16-ны өдөр Төмөр замын төв буудал дээр хүлээн авсан. Уг рэйлбус нь Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Ингэхдээ өдөрт таван удаа тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Барс-2 захын зүүн тал,  Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуаран гэсэн байршлуудад зогсож, үйлчлэхээр төлөвлөөд байгаа.

 

Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс “Railbus”-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ тохижилтийн ажлыг хийж буй юм. Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар Толгойт Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийжээ.