С.Мөнхчулуун: Юнивишн болон Скаймедиа компани хэрэглэгчийн эрхийг дордуулсан гэрээ хийж байна
2022/12/09
Сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "Юнивишн" ХХК-ийн үнэ тариф нэмэгдүүлсэн асуудал болон "Скаймедиа" ХХК-ийн гэрээний нөхцөлд үүссэн зөрчлийн талаар мэдээлэл өгөв.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Сүүлийн үед манай байгууллагад "Юнивишн" ХХК-ийн үнэ тарифтай холбоотой маш олон гомдол, санал иргэдээс ирж байна. Энэ асуудал цахим орчинд ч шүүмжлэл дагуулж байгаа. Тус компани нь хэрэглэгчдэдээ мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа өсгөлөө гэдэг гомдлын дагуу ШӨХТГ-аас тодорхой хяналт, шалгалтыг зохион байгууллаа.
Судалж үзэхэд тус компани нь аравдугаар сарын 30-ны өдөр "Зууны мэдээ" сонин дээр үнээ нэмж буй асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд үнэ нэмэх талаарх мэдээлэл сонин дээр гарчээ.
"Юнивишн" ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулж байгаа гэрээнд зааснаар, гэрээний өөрчлөлтийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, мөн өөрийн боломжит сувгуудыг ашиглана хэмээн тусгасан байна. Гэтэл энэ талаарх мэдээллийг зөвхөн нэг сонин дээр л гаргажээ. Энэ сонин нь өдөрт 1,800 орчим хувь хэвлэгддэг. Өөрөөр хэлбэл, 1,800 хүнд очих сониноор дамжуулж мэдэгдлээ зарлаад, үүнийгээ зар мэдээ түгээсэн гэж үзэх нь зохисгүй асуудал.
Нийтэд мэдээлэл хүргэе гэвэл хангалттай боломжууд байгаа. Тус компанийн гэрээнд зааснаар өөрийн боломжит сувгуудыг ашиглана гэсэн. Бидний харж байгаагаар хамгийн боломжит суваг нь "Юнивишн"-тэй хэрэглэгчид зурагтаа асаахад дэлгэц дээр нь гардаг "log in" хэсэг. Үүгээр дамжуулан гэрээгээ шинэчилнэ гэж мэдэгдсэн бол дээрх үүрэг нь хангагдсан гэж үзэхээр байгаа юм.
Үнэ нэмсэнтэй холбоотой асуудлыг хуулиар харилцаа холбооны салбар зохицуулдаг. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх талаар шаардлага хүргүүлсэн" гэлээ.
"ЮНИВИШН ХХК-НД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖ, ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАХААР БОЛСОН"
Мөн тэрбээр "Юнивишн болон Скаймедиа компаниудын хэрэглэгчидтэй байгуулж байгаа гэрээ нь тэдний эрхийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан эсэхийг хянаж, шалгалаа.
"Юнивишн" ХХК нь,
- 2017 онд Улаанбаатар хот, Орхон аймаг, Дархан-Уул аймгийн хэмжээнд
- 2021 онд Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн хэмжээнд давамгай байдалтай ААН байна гэдгийг нь тогтоосон.
Иймд давамгай байдалтай ААН-ийн үнийг ХХЗХ хянахаар байна. Үүнээс гадна дээрх хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ үнэ нэмэх болон гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой зүйл заалтууд бий.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэглэгч нь бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах эрхтэй. Үүн дотроо үнийн талаарх мэдээллийг авах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл "Юнивишн" ХХК нь энэ мэдээллийг бүрэн хангалттай өгөлгүйгээр сониноор дамжуулаад 1,800 хүнд хүргээд нийтэд хүргэлгүй үнээ нэмж байгаа нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан гэрээ хэлцэл хийсэн байна. Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, мэдээлэл авах эрхийг хангаагүй байна гэж үзэж байгаа.
Юнивишн компани хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, ялгавартай үнээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тус компани нь телевизийн үйлчилгээ авч байгаа бол интернэт болон суурин утсыг дагалдуулж авах ёстой гэсэн хүч тулгасан гэрээ хийж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзсэн" гэв.
"СКАЙМЕДИА КОМПАНИЙН ГЭРЭЭНИЙ ЗААЛТ НЬ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ДОРДУУЛСАН НӨХЦӨЛТЭЙ БАЙНА"
"Скаймедиа ХХК-ийн гэрээний нөхцөлд үүссэн зөрчилтэй заалт байна. Тодруулбал, тус компаниас X60 урамшуулалтай багцын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд мессежээр хүргүүлсэн. Ингэхдээ цааш нь үргэлжлүүлэхгүй гэвэл "No" илгээнэ үү, үгүй бол зөвшөөрсөнд тооцно хэмээн мессеж илгээсэн тухай гомдлууд ШӨХТГ-т ирсэн.
"Скаймедиа" ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулдаг гэрээнд, хэрэглэгч нь ийнхүү мэдэгдсэнээс хойш өөрчлөгдсөн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар ажлын 10 хоногийн дотор мэдэгдээгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн саналыг буюу нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба Скаймедиа үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын өөрчлөлттэй танилцаагүй, мэдээгүй нь төлбөр төлөх үүрэг болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэс болохгүй гэж тусгасан байгаа.Энэ гэрээний заалт нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл хэмээн үзэж байна.
Хэрэглэгч мэдээлэл авах эрхтэй. Гэтэл хэрэглэгч мэдээлэл аваагүй нь төлбөр төлөхөөс татгалзах эрх болохгүй гэж гэрээндээ тусгасан нь хүч хэрэглэсэн гэрээ юм. Хэрвээ энэхүү гэрээний заалт дээр иргэд хохирсон байвал бид зөрчлийн хэрэг нээж цааш үргэлжлүүлэх байсан. Тиймээс энэ гэрээний заалтыг өөрчлүүлэх албан шаардлагыг "Скаймедиа" ХХК-д хүргүүлж байна.
"Скаймедиа" ХХК болон "Юнившн" ХХК-д хугацаатай албан даалгавруудыг хүргүүлж байна" гэдгийг С.Мөнхчулуун хэллээ.
Иргэн · 2022/12/10
Мэдэж бгаан бол цэгцлээд яв л даа тэгсэн ингэсэн гээд яншиж суухаар ганц ч гэсэн юм хийж амжаач дарга сэнтий үүрдийнх бишшүү