З.Энхболд: Х.Нямбаатарт нүүрсний хулгайчаа МАН дотроос хайвал хурдан олно гэж зөвлөе
2022/12/10
УИХ-ын дарга асан З.Энхболд Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарын хэлсэн үгтэй холбогдуулан тайлбар хийлээ.
Тодруулбал тэрээр: “2022 оны 12-р сарын 8-нд МАН-ын хууль зүйн сайд Нямбаатар намайг "Хишиг арвин индустриал" компанитай хамааралтай гэж зарлав. Уг нь ямар ч хамааралгүй болохыг холбогдох төрийн байгууллагууд тогтоогоод 2 жил болсон юм. 2020 оны хавар УИХ сонгууль болохтой холбогдуулан намайг энэ компанийн эзэн мэтээр гүтгэхээр нь баахан тодорхойлолт цуглуулж хамааралгүйгээ нотолж байсан.
Хэрвээ 1937 он байсан бол "Лхүмбийн хэрэгт" хамааралтай З.Энхболдыг маргааш нь цаазаар авах байсан байх. Тэр үеийн хууль зүйн сайд улаан хувьсгалч Дорж цагдаа шиг мөрдөн байцаагаад, прокурор нь болж хянаад, шүүгч болж шийдвэр гаргаад тэр дор нь жанжаан буудчих уу гээд дуусаа.
Аз болоход 2022 оны 12-р сарын 9-нд би "нүүрсний хулгайч" гээд буудуулчихаагүй. Учир нь өнөөдрийн МАН 37 оны МАХН биш, Нямбаатар сайд улаан хувьсгалч Дорж шиг хүн буудах эрхгүй. Хэн нэгнийг хамааралтай хулгайч гэж хэлэхийн тулд эхлээд Хишиг арвинг нүүрсний хулгайч гэж тогтооно, хэдэн оны хэдэн сард хэдэн тонн нүүрс хаанаас хулгайлсан бэ гэж мөрдөн байцаалт явуулна. Тэрийг нь прокурор гээд өөр хүн хянана. Компани нь өөрийгө өмгөөлөх өмгөөлөгч авна. Тэгээд шүүх дээр очиж дахиад өөр шүүгч гэдэг хүнээр шүүлгэнэ. Хишиг арвин нүүрс хулгайлсан нь тогтоогдвол З.Энхболдтой ямар хамааралтайг шүүх тогтооно гэх мэтээр олон сарын процесс явна.
2006 онд анх төрийн албан хаагчид "хөрөнгө орлогын мэдүүлэг" бөглөдөг болсноос хойш миний ХОМ АТГ дээр хадгалаастай байгаа, хүссэн хүн болгон ороод үзэж болно. Тэнд "Хишиг арвин индустриал" гэдэг компани байхгүй.
Эцэст нь хэлэхэд МАН бүлэглэлүүд захирлыг өөрийн хүнээр томилох гээд булаацалдаад улмаар УИХ-аа тараах, ЗГ-аа огцруулах дээрээ тулж байгаа ард түмний өмч Таван толгойн орд 6 тэрбум тонн нүүрсийг үнэгүй хувьчлах гэж байхад зогсоосон хүн нь би байна.
6 тэрбум биш 6 сая тонн (энэ тоог МАН өөрөө зарласан) нүүрсний хулгайчийг хурдан шуурхай хуулийн дагуу олж шийтгэх ажилд нь МАН-ын ЗГ УИХ-д амжилт хүсье.
Нямбаатар сайдад нүүрсний хулгайчаа МАН дотроос хайвал хурдан олно гэдэг зөвлөгөөг өгье. Яагаад гэвэл АН-ын гишүүд 2016 оноос хойш лааз өшиглөж байгаа учраас тэр айхтар нүүрс рүү чинь ойртох боломжгүй.” гэжээ.
Зочин · 2022/12/10
Нөгөө ичсэн хүн сүү үлээнэ гэдэг шиг намын доторхи бузар булай нь ил болох гээд түүнийгээ хаацайлаад үүрэг авсан Нямбаатар их л савчиж байна даа.
хүннү · 2022/12/10
Ер нь 1937 он шиг болсон ч яадаг юм. Нэг сайн цэвэрлээд авахгүй бол хэлмэгдэл ярьсан нөхдүүд дураа дургиж байна. Юм л бол 37 он гэцгээхээ боль. Ард түмний хөрөнгийг хулгайлсан хүмүүсийг илрүүлээл шууд цаазал, цаазын ялаа сэргээ гээд шаардаад байгаа биз дээ. Олон түмэн хүний мууд дуралсандаа биш аргаа бараад л ингэж байна. Энэ нь 37 оныхоос ялгаатай, тэр үед коминтерны захиалгаар хэрэгжиж байсан.
Зочин · 2022/12/10
Зи их сандраад байх чинь
Зочин · 2022/12/10
Бэлтрэг минь чи юм голдоггүй новш биз дээ. Нүүрсний хулгайд чиний гар ороогүй байх уу? Хэн итгэх юм?