Нүүрсний асуудлаар зохион байгуулж буй сонсголд Хан-Уул дүүргийн иргэн Б.Жаргалан оролцож, үг хэллээ. 

Тэрбээр "Өглөө 09:00 цагаас хойш хамт байлаа. Үнэхээр гунигтай байна. 33 жилийн өмнө ардчилсан хувьсгал бас л яг энэ талбай дээр өвлийн хүйтэнд болсон. Энэ олон жилийн дараа хэн хулгай хийсэн бэ гээд төрийн хулгайгаа Төрийн ордондоо хэлэлцээд сууж байхыг хүсээгүй. Тухайн үед бид илүү гэгээн мөрөөдөлтэй байлаа. Монгол Улс хөгжих бүрэн боломжтой байсан. Харин одоо зөвхөн хулгай ярьж байна. Хулгай ярихдаа бүрэн хэмжээгээр нь ч ярьж чадахгүй байна. Зөвхөн эрх баригчдын бид нарт өгч байгаа хязгаарлагдмал мэдээллийн хүрээнд л ярьж байгаа. Тийм ч учраас гадаа залуучууд зогсож байгаа. Гадаа жагсаж байгаа бүх хүмүүсийг энэ танхимд оруулаад ирэхэд яах вэ дээ. 

Өнөөдрийн эрх барьж буй МАН 1990 оны МАХН-аас илүү коммунист арга барилтай байна. Бид ардчилсан улсад амьдарч байгаа биз дээ. Яагаад иргэдийнхээ эрхийг хангахгүй байгаа юм бэ. Яагаад ардчилсан хувьсгалаас өмнө байгуулагдсан хувийн аж ахуйн нэгж дээр бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаа юм бэ. Яагаад улам ухраад байгаа юм бэ?

Өнгөрсөн долоон жил МАН үнэмлэхүй олонхоор засаг бариад сууж байна. Мөн энэ хугацаанд Монгол Улс 18.5 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон. Хулгайчийг хаанаас хайгаад байгаа юм бэ? Та нар л байсан шүү дээ. Хулгайчийг Тусгаар тогтнолын ордноосоо хай. 

Зөвхөн нүүрсний хулгай биш төсвийн болон Цар тахлын хуулиар далимдуулсан хулгай бий. Бид нар мэдээлэл алга байна. Холбогдох хүмүүс нь энд байхгүй байна. АТГ-ын дарга бүх асуултад "шалгаж байна" гэж хэллээ. 

Нийтийн сонсгол бол маш чухал. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүгд ширээний ард суугаад цаашид манай улс хаашаа явах юм бэ гэдгээ ярилцах нь чухал. Холбогдох албан тушаалтнуудыг байлцуулаад дахин нэг өдөр энэхүү сонсголоо үргэлжлүүлье. Ийм горимын санал гаргаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.