Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргахтай холбоотой тодруулга
2022/08/22
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргахтай холбоогоор Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамиртай ярилцлаа.
-Зээлийн батлан даалтын сан анх удаа иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг батлан даах боломжтой болсон. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэхгүй юу?
-Ипотекийн зээл бол манай иргэдийн хувьд их хүлээлттэй зээлийн нэг болсон. Гэхдээ ипотекийн зээлээр орон сууц авахад тулгамддаг хамгийн том асуудал нь урьдчилгаа төлбөр 30 хувь байдаг. Тиймээс УИХ 2022 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэхдээ энэ хуультай уялдуулан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өмнө нь манай сан зөвхөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих зээлд зориулж батлан даалт гаргадаг байсан бол одоо ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд батлан даалт гаргах, ингэхдээ урьдчилгаа төлбөрийн 60 хувьд нь батлан даалт олгох эрх зүйн боломж нээгдсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд ипотекийн урьдчилгаа төлбөрийн 50 хувьд нь буюу нийт зээлийн 15 хувьд нь батлан даалт гаргах журмыг баталлаа. Ингэснээр манай сан ипотекийн зээлд хамрагдах иргэдийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 50 хувьд буюу нийт төлбөрийн 15 хувьд батлан даалт гаргахаар болж байна.
-Энэ шийдвэр иргэдэд нэлээд хүлээлт үүсгэсэн. Шийдвэр хэзээнээс бодит ажил хэрэг болгох вэ?
-Сүүлийн хагас жилийн хугацаанд бид бодлогын яамныхан болон банк зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, олон удаа санал солилцож, ипотекийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргахтай холбоотой ажлуудыг шийдвэрлэх боломжуудаа тодорхойлолцож ажиллалаа. Ингээд ипотекийн санхүүжилтийн журмыг өөрчилсөн. Одоо Монголын ипотекийн корпораци, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээний нөхцөлүүдээ эцэслэн батлахаар ажиллаж байна. Арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ үзэглэсний дараа ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын зээлийг орон нутагт олгож эхэлнэ.
-Батлан даалтад хамрагдаж байгаа иргэдэд ямар шаардлага, шалгуурууд тавих бол. Энэ шалгуур хүмүүсийн хувьд хамгийн их сонирхож байгаа сэдэв болоод байна?
-Ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт бол Засгийн газрын Улаанбаатар хотод үүссэн төвлөрлийг бууруулж, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжих юм. Тиймээс орон нутагт шилжин суурьших хүсэлтэй болон орон нутагтаа орон сууцны зээлд хамрагдах иргэдэд батлан даалт гаргана гэж ойлгож болно. Энэ бол тухайн иргэнийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах боломжоор хангаж байгаа нэг хэлбэр юм. Энд бас нэг зүйлийг онцлоход өмнө нь ипотекийн зээлд тавьж байсан шаардлагууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
-Орон нутгаас ипотекийн зээл авсан иргэд удалгүй хот руу шилжих ийм хандлага дагаад үүсэж болох юм. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Анх удаа орон сууцны ипотекийн зээл авч байгаа иргэдийг батлан даана. Энд Зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкны тодорхойлсноор байрны урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадаагүй иргэд хамагдана. Одоогийн байдлаар иргэдийн урьдчилгаа төлбөр хуримтлуулах чадваргүйг хэрхэн нотлохыг хараахан шийдвэрлээгүй байна.
-Зээлийн хэмжээнд хязгаар тогтоох уу?
-Ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд зээлийн хэмжээг 100 сая төгрөг хүртэл гэж заасан байдаг. Үүний дагуу л олгоно.
-Нийслэлийн иргэд энэ боломжийг хэзээ хүртэж эхлэх бол?
-Цаашид Улаанбаатар хотын иргэдийн урьдчилгаа төлбөрийг батлан даах боломж байгаа гэж харж байна.