Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?
2023/06/13
Хэдэн жилийн өмнө Ж.Батзандан, Лу.Болд нар ШИНЭ намыг байгуулж байв. Удирдлагууд нь өөрчлөгджээ. Дэд сайд асан Ж.Цолмон тус намын дэд дарга болсон байна. Тэгээд хийж байгаа анхны арга хэмжээ нь анхаарал татав.
Тавантолгойн ордыг хэрхэх вэ гэдгийг бид олон жил ярьж байна. Лавтай арав гаруй жил болов. Том орд тулдаа хулгайчийг ч , шударгыг ч ялгалгүй тэжээсээр өнөөг хүрэв. Тэд энэ ордоор мөнгө ч олдог. Бас улс төр ч хийдэг. Гэхдээ энэ удаад ШИНЭ намын “Тавантолгойг авах уу, алдах уу” арга хэмжээг төр ч, олон нийт ч анхаарах хэрэгтэй харагдав. Гол нь тэд асуудлыг судалгаатай танилцуулж байна.
Тэд “Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг өөрчилж, байгалийн баялгийг төрийн өмчийг улсын буюу бүх ард түмний өмч болгох ёстой” гэв. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх боломж үүсэх юм байна. Цаашлаад, өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400 ширхэг хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болно. Тухайлбал, ам бүл дөрвүүлээ айл 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох юм. “Энэ бол иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам” гэдгийг энэхүү эрдэмтэн, судлаачдын баг танилцууллаа.
Тэдний танилцуулж буйгаар “Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн” гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. Энэ хувьцаа 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөөгүй. Чухамдаа энэ л баялгийг үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улстөрчдийн башир арга гэж үзэхээс өөр аргагүй.
Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай”Эрдэнэс Тавантолгой” компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болно. Нөөцөөр нь тооцвол энэ үнэ даруй 100 дахин нэмэгдэнэ. Ер нь бол Тавантолгойн орд нь олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй. Үүний 5.1 тонн нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байгаа юм. Үүний хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс өнгөрсөн 10 жилийн олборлон борлуулсан гэж тооцвол 5.0 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн гэсэн үг. Энэ “тоо”-г 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын үнэтэй баялаг болж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байна. Харин Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллараар борлуулж байгаа. Гэхдээ дээрх судлаачид коксжих нүүрсийг 60 ам.доллараар борлуулахаар тооцоход л Тавантолгойн орд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэгэхээр 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна.
Тиймээс 4400 ширхэг хувьцаа нь 88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болно. Ийм ордыг л бид эхлээд Австралийн” компанид, дараа нь Монголынхоо 13 олигархид алдсан. Гэхдээ буцааж авч чадсан. Тэр байтугай гурав дахь удаагаа Чалкод 350 сая ам.доллараар зарах шахаж байв. Дараа нь бас 700 сая ам.доллараар IPO хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум ам.доллараар зарахыг завдсан. Ингэж удаа алдах шахжээ. Тэгсэн ч хашраагүй улстөрчдийн амнаас одоо ч “Тавантолгойн ордыг гаднынханд өгье” гэсэн үг унаж л байна. Тиймээс “Монголчууд бид Тавантолгойгоо авах уу, алдах уу гэдэг сонголттой туллаа” гэж судлаачид хэлж байна. Бас ШИНЭН-ын дарга Ц.Гантулга “Бид зэсийн нөөцөө гадныханд алдсан. Одоо нүүрсээ тойроод хулгайн хэрүүлтэй л сууж байна. Хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо одоо өөрсдөө авья. Баялгийг хяналтад оруулах нэг арга зам нь иргэдэд өгөх байдаг. Үүнийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жишиг нь ийм юм. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм арга замаар л баялгийн хулгайг зогсооно. Гэхдээ Монголын ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаг юм биш шүү дээ. Бид хүн шиг амьдрах ёстой. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой. Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга зам юм” гэв. Үнэхээр ч “Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсож мэдэх л юм” гэх үгийг учир мэдэх хүмүүс унагаж л байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
бат · 2023/06/14
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно