Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг тогтсон. Нууцлалын зэрэгтэй учир хугацааг шууд хэлэх боломжгүй
2023/06/14
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулах үеэр "Ерөнхий сайд БНХАУ-д хийх айлчлалын хүсэлт хоёр удаа гаргасан ч Хятадын талаас татгалзсан гэх мэдээлэл байна. Ийм хариу ирсэн юм уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
Тэрбээр "Монгол Улсын ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тогтсон. Тодорхой хэмжээний нууцлалын зэрэгтэй учир хугацааг шууд хэлэх боломжгүй. БНХАУ-ын зүгээс Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай холбоотойгоор татгалзсан хариу өгсөн зүйл байхгүй.
Энэхүү айлчлал нь улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой болох талаар хоёр тал ярилцаж байна. Улс хоорондын экспорт, импортын асуудлыг нэг мөр шийдсэн, төмөр замын холболтын цэгийг албан ёсоор эцэслэн тогтоосон, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг тохирсон зэрэг томоохон үр дүнтэй айлчлал болно хэмээн ажиллаж байна" гэв.