Б.Пүрэвдорж VS Ш.Адьшаа
2023/06/16
Шатахуун бол Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн. Нийлүүлэлт хийгээд үнэ нь эдийн засагт шууд нөлөөлдөг. Тэр утгаараа шатахуунтай холбоотой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэдэг. Гэхдээ өнөөг хүртэл шатахууны тал дээр нэг улсаас хараат, түүнд дулдуйдсан цөөн тооны импортлогчдын атганд явсаар ирэв. Энэ нь нууц биш.
Импортлогчид үнээ нэмэх, нийлүүлэлтийг багасгах байдлаар ил тодоор төрийг шантаажилдаг. Ингэж ашгаа хадгалахын тулд төрөөс олон тэрбумын татаас авсаар ирсэн. Тэгэхээр Монгол Улсын хувьд шатахууны импорт дээр тодорхой алхмуудыг хийх цаг нэгэнт болсон юм. Үүнтэй холбоотой асуудлыг УИХ-ын зарим гишүүн хөндөөд багагүй хугацаа өнгөрлөө. Харин саяхнаас энэ нь дахин сэдрэв. Тиймээс хоёр гишүүний өнөөг хүртэл барьж ирсэн, илэрхийлж буй байр суурийг зэрэгцүүлэн тоймлов. Тэд юу “ярьдаг” вэ?!
Б.Пүрэвдорж ингэж, Ш.Адьшаа тэгэв
2021.7.1. УИХ-ын чуулганаар Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Тэр үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “...Хуурамч шатахуун маш ихээр орж ирж байна. 2012 онд уг бүтээгдэхүүн нийтдээ 2000 орчим тонн орж ирдэг байсан. Гэтэл 2020 оны гаалийн мэдээгээр керосин 45 мянган тонн, хүнд нефтийн фракц нь 154 мянган тонн, нафта, 500 тонн, алзалит 5500 тонн гээд өсөөд явчихсан. 2012 онд үйлдвэрүүдэд хэрэглэж байсан бол одоо хуурамч шатахуун буюу 75 хувийг нь дизель түлш хийгээд, 25 хувьд нь нафта, алкалит хийдэг. Өөрөөр хэлбэл хуурамч шатахуун үйлдвэрлэдэг компани татвараас 60 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна. Энэ үндэсний компаниудыг зах зээлээс шахах давхар бодлогыг явуулж байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “...Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирээд үйлдвэрлэлийн бус аргаар шатахуун үйлдвэрлэж байсныг албаныхан дүгнэж чанарын шаардлага хангахгүй байгаа асуудлыг тавьж ирсэн. Гэхдээ шийдэлд хүрэлгүй явж ирсэн. Эдийн засаг, машин техникт ямар хохирол учирсан талаар баримт яръя. Онцгой албан татварын төлөлтөөс зайлсхийж жилд 70-80 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн. Энэ нь мөнгө угааж буй хэлбэр.Үйлдвэрийн бус аргаар бензин нэрж иргэдийн машиныг эвдэж, хохирол учруулсан асуудлыг Засгийн газар шийдэхгүй байгаад гайхаж байна. Мөнгө угаасан хүмүүсийн барьцаанд Монгол Улс хэдий хүртэл байх вэ” гэсэн юм.
Ш.Адьшаа ингэв
2023.1.10. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Хуулийн төслийн танилцуулгад “...Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж /СМП-50 модуль/-аар оруулж нэмэлт бүтээгдэхүүн, тогтворжуулагч, цетан өсгөгч, шингээгчид суурилсан хүхэргүйжүүлэх дамжлагаар дамжин боловсруулалт хийгдсэнээр 60 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 30 орчим хувийг бүрдүүлсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж байна. Дотоодод үйлдвэрлэсэн түлшийг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулсан дүгнэлтийг үндэслэн чанарын зохих шаардлага хангасан тохиолдолд зах зээлд нийлүүлдэг байна. Улмаар борлуулалтын дийлэнхийг уул уурхай, газар тариалан, барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг 38 харилцагч аж ахуйн нэгжид бөөний үнээр 60-120 хоногийн барьцаагүй эргэн төлөлтийн нөхцөлөөр нийлүүлж, борлуулалтын орлогоос ашгийн татварыг төлж байна. Сүүлийн 3 жилд энэ аргаар зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүнийг жижиглэнгээр буюу шатахуун түгээх газруудад борлуулдаггүй байна. Энэ хугацаанд харилцагч аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн түлшний үнэтэй харьцуулахад 31.6 тэрбумын үнийн зөрүүний хэмнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдэд ийнхүү онцгой татвар ногдуулснаар үйлдвэрлэлийн зардал өсөж, гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ нь импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр болгож, үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарлаж байна. Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафта-д онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд газрын тосны үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэнэ” гэжээ.
Б.Пүрэвдорж тэгэв
2023.1.13. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын Б.Пүрэвдорж гишүүн “..."Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оригналь дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь киросентой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын колонкод зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд металь хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш байгаа. Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, Монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг байсан. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гэвэл гонжийн жоо. Хоёр жил үзэж байж батлуулсан хуулийг таслуулах хуулийг дахин оруулж ирж байна. Шалтгаан нь шатахууны үнэ өссөн гэнэ. Шатахуун хэлэлцээрийн үр дүнд нэг дахин буурах боломжтой байна. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал” гэв.
Б.Пүрэвдоржийн дайралт, Ш.Адьшаагийн тайлбар
2023.6.14. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "...Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие 2019 онд санаачилж, 2021 оны 07 сард батлуулсан байдаг. Тус хуулиар хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольцыг хууль батлагдахаас өмнө онцгой албан татваргүй оруулж ирдэг байсан. Ингээд онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд байдаг. Түүний 75 хувьд нь оргинал дизелийн түлш хийчхээд 25 хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг хольдог. Том торхнынх нь ёроолд сэнс байдаг. Тухайн сэнсээр хольцыг хооронд нь хольдог. Ингээд агуулахаас ачаад нэг шатахуун түгээгүүрт буулгана. Мэдээж түгээгүүрийн цэгт сэнс байхгүй учраас хөдөлгөөнгүй удахаараа тухайн шатахууны хүнд металиуд нь тунаад, хөнгөн металиуд нь ялгараад дээшээ гарчихдаг. Түүнээс болж дизелийн түлш хэрэглэдэг машины аппаратур нь жил болоод эвдэрдэг. Шатахуунаар ажилладаг машины цахилгаан тоног нь 2 жил болоод эвдэрдэг. Үүнээс болж иргэдийн дийлэнх хэрэглээ болсон приус, портер зэрэг машинуудаараа хохирдог. Үүнээс гадна та бүхэн санаж байгаа бол гурван жилийн өмнө замын хажууд байгаа цахилгааны шонгын сууриас дээш 20-30 см хэмжээнд хар тортог цохьчихдог байсан. Тэр нь төрийн өмчийн нйитийн тээврийн автобусууд хамгийн муу шатахуун хэрэглэдэг. Түүнээс ялгарч байгаа хүнд металиуд байхгүй юу. Тухайн хүнд металиуд нэг метрээс дээш дэгддэггүй. Гэтэл хамгийн харамсалтай нь бага насны хүүхдүүд тэр хүнд металиар амьсгалж хордож байгаа шүү дээ. Ийм хортой зүйл хийсэн этгээдүүд 80 гаруй тэрбум төгрөгийн ашиг олж, ян бүрийн албан тушаалтнуудыг авлигадаг. Тиймээс үүний эсрэг би тэмцсэн. Хуулиа батлуулж хуурамч шатахуунаас салгачихлаа гэж бодож байтал ҮХЦ үүн дээр маргаан үүсгээд өнөөдөр шидэх гэж байх шиг байна. Асуудлын гол нь энэ хууль Үндсэн хууль зөрчсөн зүйл огт биш. Ард түмний эд хөрөнгийг эвдэлдэг, хүүхдүүд хүнд металлиар амьсгалж хордож байгаа тэр хуурамч шатахууны хэрэглээнээс салгах гэж л хуулийг санаачилж батлуулсан. Гэтэл энэ бүхнийг эсрэг ҮХЦ ажиллаж байгаад гайхаж байна. Цэц хуурамч шатахууны найруулдаг этгээдүүдийн 80 тэрбум төгрөгийн ашгийн авлигын нөлөөлд автчихсан юм биш биз гэж хардаж байна" хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тандан судалгааны тайланд анхаармаар зүйлүүд нэлээд багтсан байдаг. Тухайлбал “...УИХ-аас 2021 онд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг батлахаас өмнө хийгдсэн тандан судалгааны тайлангаас харахад “...Керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта...зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох бодисуудыг шатахуунтай найруулаад зах зээлийн үнээс хямдаар зах зээлд нийлүүлж байна. Найруулсан шатахуун нь машины бензин насос, явах эд ангийг маш богино хугацаанд эвдэж иргэдэд хохирол учруулж байгаа, Мөн ийм үйл ажиллагаа явуулж борлуулсан бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг өсгөж буй компаниуд дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байгаа асуудлыг мөн нэг мөр цэгцлэхийн зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна” гэсэн байдаг. Асуудлыг үүсгэж байгаа дээрх шалтгааныг газрын тос боловсруулах талаар хууль тогтоомжоор тавьсан шаардлагыг хангуулах, олон улсын болон үндэсний стандарт, төрийн хяналт шалгалтаар хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой. Түүнчлэн зөвхөн тодорхой бүтээгдэхүүний татварын орлогыг нэмэгдүүлэх нь төрийн үйл ажилагааны зорилго байх боломжгүй бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих, зардлыг бууруулах замаар төсөвт илүү үр өгөөжтэй байдлаар нөлөөлөх боломж бий. 2015-2021 онд 22 импортлогч аж ахуйн нэгж, байгууллага нийт 846,9 мянган тонн үйлдвэрийн зориулалттай газрын тосны бүтээгдэхүүн импортлон гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 171,8 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд УУХҮЯ газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх, бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яам химийн бодис импортлох, ашиглах зөвшөөрлийг тус тус олгож байна. Тус зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын хилээр дээрх нэр бүхий нефтийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрэх бүрт вагон тус бүрээс гаалийн болон НӨАТ-ыг төлж барагдуулсан тохиолдолд барааг олгодог байна. Дотоодод үйлдвэрлэсэн түлшийг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулсан дүгнэлтийг үндэслэн чанарын зохих шаардлага хангасан тохиолдолд зах зээлд нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдэд ийнхүү онцгой татвар ногдуулснаар үйлдвэрлэлийн зардал өсөж, гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ нь импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр болгож, үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарлаж байна” гэсэн дүгнэлт байдаг.
Xуурамч шатахуун хэмээх хулхины PR-ын цаана...
Хамгийн эхлээд “..Хуурамч шатахуун” гэж чухам юуг хэлээд байна вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай аж. Нөгөөтэйгүүр Б.Пүрэвдорж гишүүн “...Хуурамч шатахуун нь өндөр татвар төл” гэсэн агуулгатай зүйлийг яриад байдаг. Хэрвээ хуурамч гэж байгаа бол татвар тавих биш шууд хориглох л ёстой. Ер нь бол ОХУ-аас импортолдог шатахуун тэр чигээрээ газрын дороос гардаггүй. Түүнийг ч бас тэндээ “найруулж” буй нь ойлгомжтой юм. Тэгэхээр манайд үйлдвэрлэж буй хийгээд импортоор орж ирж буй шатахуун хоёр нь чанар стандартын хувьд ялгаагүй гэсэн үг. Гагцхүү нэг нь ОХУ-д, нөгөө нь Монгол Улсад үйлдвэрлэсэн гэх “шошго”-ын ялгаа л байна. Өөрөөр хэлбэл, “Starbucks”, “Ediya”, “Caffe bene “-гийнх л кофе, гэртээ чанаад ууж байгаа нь кофе биш гэсэнтэй агаар нэг юм.
Гэтэл манайд ганцхан улсаас импортоор орж ирж буй шатахуунаа л хэрэглэхийг уриалдаг. Явж явж “хуурамч шатахуун” нефть импортлогчдын PR-даж бүтээсэн хий хоосон “мангас”-т автацгаачихсан. Түүнийг “...Хэлсэн үгний хээ төлөө хариуцлага хүлээдэггүй” УИХ-ын чуулганы индэр дээрээс хүссэнээрээ хашгиран сурталдаж байна.
Ер нь тэгээд манайд ОХУ-аас орж ирээд байдаг шатахуунууд ч дэлхийд хэрэглэхээ больж байгаа стандартынх шүү. Дэлхийгээрээ евро стандартад шилжсэн. Тэр утгаараа зөвхөн евро стандартыг өөр улс орнуудаас оруулж ирж ч болно шүү.
Тиймээс төрийн зүгээс чанар стандартаа шалгах нэгжээ байгуулж, шатахууны үйлдвэрлэл, импортод чөлөөт өрсөлдөөнийг тавьж өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид ганцхан улсад базууулсан шатахууны хараат байдлаас гарна.
Эх сурвалж: polit.mn