"Тусгай сангаар дэмжихгүй бол соёл урлаг хөгжихгүй байгаа юм уу"
2023/06/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд Соёл урлагийг дэмжих сангийн бүтэц бүрэлдэхүүнийг шинээр байгуулах, мөн соёл урлагтай холбоотой тоног төхөөрөмжийг албан татвараас чөлөөлөх зэрэг асуудлыг тусгажээ. Энэ үеэр зарим гишүүд хуулийн төслийн эсрэг саналтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Засгийн газрын тусгай сан байгуулж дэмжихгүй бол урлаг хөгжихгүй байгаа юм уу. Энэ санг байгуулахыг дэмжихгүй. Хувийн хэвшил нь сангаа байгуулаад төрийн тодорхой хэмжээний оролцоо байдлаар явж болохгүй юу. Гааль болон НӨАТ -аас чөлөөлөх асуудал орж ирж, хэчнээн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг татвараас чөлөөлөх гээд байгаа юм бэ. Татвараас чөлөөлж хөнгөлөхгүй бол явахгүй болчихоод байгаа юм уу, мэргэжлийн байнгын хороод анхаарах шаардлага байна.
Соёлын сайд Ч.Номин:
-Соёлын яам байгуулагдсанаар тогтолцооны хувьд шинэчлэгдсэн, төсөв нэмэгдсэн. 330 суманд байгаа Соёлын төвийг тоног төхөөрөмжтэй болгоход нэг суманд 291 сая төгрөг, нийт дүнгээрээ 33.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 2024 оны төсөвт санал болгож оруулсан. Тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд та бүхнийг дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна. Кино урлагийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сангууд дээр бодлогыг тодорхой гаргаж, аливаа уран бүтээлч өөрийн бүтээлээ танилцуулж, шаардлагатай санхүүжилтээ авч явах нь маш зөв тогтолцоо болов уу гэж харж байгаа. Одоогийн Соёл урлагийг дэмжих сангийн хувьд нийт санхүүжилтийнхээ 50 хувийг хүүхэд залуучуудад хандан зориулсан үндэсний агуулгатай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход зориулан хийдэг.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Ч.Номин сайд та сая маш хариуцлагагүй үг хэллээ. Сүүлийн 20 жилд соёлын бодлого алдагдсан гэж. Хэдийгээр 23 жил бие даасан Соёлын яам байхгүй байсан ч соёлын бодлого алдагдаагүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байхдаа өнөөдрийн та бүхний ажиллаж байснаас хавьгүй илүү түвшинд ажиллаж байсан. Соёлын яам байгуулагдаад гурван жил болсон байхад сахил хүртээд шал дордов гэдэг шиг бидний хүлээсэн хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэдгийг хэлчихье.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Том жүжиг тавихаар аймгийн театрынхантайгаа хамтраад хийж байна. Улаанбаатар хотод ирээд тоглоход нь Драмын театрт хэлж, жүжгээ тавихад тусалж дэмжиж өгөөрэй. Өмчлөөд авчихсан юм шиг мөнгө нэхээд, дарамтлаад байж болохгүй. Та нар алтан тайз гэж гоё ярьдаг, чөлөөтэй болгох хэрэгтэй шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
- Монголчууд соёлын салбартаа зоригтой орохгүй бол социализмын үеийн соёлын үйлдвэрлэл хоцрогдсон шүү. Зураачдын бүтээлийг дэмжээд арга хэлбэрийг нь заагаад өгөх юм бол интернэт худалдаагаар хөгжүүлж болохоор байна. Монгол Улс хоцрогдсон байгаа, зоригтой ажилламаар байна гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин