Л.Оюун-Эрдэнэ: ШЕЗ “Ерөнхий сайдыг огцруулъя" гэсэн нь хэрэг дарах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан
2023/07/04
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дандаа авлига, гэмт хэрэг ярьдаг" гэдэг шүүмжлэл бий. Тэр үнэн. Тэрбээр 60 тэрбум, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, шүүхийн булхай гээд ер нь ийм сэдвээр л голдуу ярьдаг.
Энэ талаараа хамгийн сүүлд УИХ дээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцэж байна” гэж хэлсэн. Ингэж ярихынхаа зэрэгцээ Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын хэргүүдийн ялыг чангатгах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг санаачилсан.
Л.Оюун-Эрдэнэ сая өмнөд хөршид айлчлалаар очоод ч Хятад улсын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзахдаа авлига, албан тушаалын хэргүүдийнхээ талаар орхисонгүй.
Тухайлбал, Си Жиньпинд “Авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх”, Жао Лөжид “Авлигатай тэмцэх чиглэлээр Хятадын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлээд авчээ. Түүнийг Хятадад айлчлах үеэр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр батлагдсан. Бас Хөгжлийн банкны шүүх хурал дуусч, уг хэрэгт гэм буруутай этгээдүүдийг зарласан. Л.Оюун-Эрдэнэ Хятадаас ирээд өчигдөр энэ чиглэлээр ажиллаж буй ажлын хэсгүүдийг хуралдуулсан байна. Тэр хурлаар Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Ашиг сонирхлын хуулийн өөрчлөлт батлагдсан. Эрүүгийн хуулийн ялын бодлого чангарсан. Ийм маягаар Авлигын эсрэг тэмцэл алхам алхмаар урагшилж байна. Харин “5Ш” ажиллагааны хэрэгжилтэд хамгийн их саад учруулж буй хамгийн том хүчин зүйл, сорилт нь шүүх засаглал боллоо. Шүүхийн тодорхойгүй эрх зүйн орчин “5Ш”-ийн гацаа болж байгааг ярилцсан гэх мэдээлэл байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ШЕЗ-өөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьжээ.
Эргэн сануулахад, Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгсийг авч хэлэлцсэн. Тэрбээр “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхЭн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлаГууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ Шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, “Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж ярьсан. Эдгээр нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх тухай хэлэлцсэн байдаг.
Ө.Бааст
Зочин · 2023/07/04
баахан ажил хийгээд хүн болгон харж байгаа болохоор ерөнхий сайдын бухимдах зөв дөө харин цаашдаа шүүх гайгүй шийдэх биз дээ