Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны долдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30,544, мөрдөн байцаалтын 2,199 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109,
  • Өмчлөх эрхийн эсрэг 71,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг долоо,
  • Хүний амьд явахын эсрэг зургаа,
  • Авлига, албан тушаалын дөрөв,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв буюу нийт 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны дарга М.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн хамаарал бүхий Б.Б-г дуудлага худалдаанд оролцуулж, худалдан авах нөхцөлийг бүрдүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженер Д.Б нь ашиг сонирхлын үүднээс “Г” ХХК-д цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргаж өгөхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Бүгд Найрамдах Солонгол Улсын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежер Ш.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гадаад гуйвуулгын хүлээн авагчийн нэр, данс, мөнгөн дүнг дур мэдэн өөрчилж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.4 дүгээр зүйлийн 2 /Хөрөнгө завших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.