Түрээсийн дугуй эрэлттэй байна
2014/06/16
Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон ч ажлуудыг зохион байгуулаад байгаа юм.
Унадаг дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдөр унадаг дугуйн тогтмол аялал, унадаг дугуйтай гэр бүл аялал, мөн унадаг дугуйгаар Монгол орноо тойрох аяллыг дэмжих, хамтран ажиллах, унадаг дугуйн түрээс, засварын төвийг хүртэл бий болгосон гээд манайд зохион байгуулагдаж байгаа унадаг дугуйтай холбоотой бүхий л ажилд МЗХ оролцож дэмжиж, хамтран ажиллаж байгаа юм. Энэ зуныг үнэхээр унадаг дугуйгаар амьсгалж өнгөрүүлэх нь. Унадаг дугуйтай нь тэрийгээ унаж, байхгүй нь түрээслэж унадаг дугуйн зам байхгүй ч төр засаг залуусынхаа дуу хоолойг сонсч, дэмжиж эрүүл амьдралыг цогцлоохын төлөө дугуйн замыг хийж өгнө гэсэн итгэлээр жигүүрлэсэн залуус хотын гудмаар унадаг дугуйгаа хөлөглөн явна. Дугуйн түрээсийн үйлчилгээ нэмэгдсэнээр том давуу тал болж өгсөн гэж хэлж болно.
Үнийн хувьд боломжийн, цоо шинэ дугуй орж ирсэн, хажуудаа засварын газартай гээд заавал их үнээр дугуй худалдаж авч, тавих газар байхгүй зүдэрсэнээс дугуй унахыг хүссэн үедээ МЗХ-ны хашаанд байрлах “Nice bike” дугуйн түрээснээс ирээд авах нь том боломжийг бий болгосон гэж хэлж болно.
“Nice bike” дугуйн түрээс энэ сарын 5-нд нээгдэж өнөөдрийн байдлаар 191 хүн дугуй түрээслэсэн гэсэн мэдээллийг өглөө.