ЗГ: Газрын багц хуулийг шинэчилж Тусгай хамгаалалтын бүсэд буй зарим газруудыг нийслэлд шилжүүлэх эсэхийг шийднэ
2023/08/16
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж 24 асуудал хэлэлцэж, танилцжээ.
Тодруулбал,
-Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай,
-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар,
-Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал,
Шил ажиллагааны талаар,
-Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэв.
Энэ үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар "шил" ажиллагааны хэрэгжилтийн талаарх танилцуулга хийлээ. Барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс shilengov.mn сайтад ил тод байршуулж байна. Аймгуудад ажиллаж 4721 дүгнэлт, дүүргүүдэд 3683 дүгнэлт гаргасан. Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна" гэлээ.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотод үер усны гамшгийн хор уршгийг арилгах, газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна.
Газар олголт хэтэрхий олон газруудад хэтэрхий олон төвөгтэй асуудал байна. Дандаа Засгийн газар нийслэлийн газар олголтын асуудалд оролцоод байна гэж байхгүй . Эхний ээлжинд гурав, дөрөв гаруй байгууллага буюу БОАЖЯ олгож байна, Барилга хот байгуулалтын яам газар олгож байна, нийслэлийн газрын алба олгож байна, бүүр заримдаа аймаг дүүрэг гээд хэтэрхий шийдвэрүүд гараад байгааг та бүхэн мэдэж байгаа байх.
Тухайлбал Гашуунсухайтад Цагаан хадны урд хэсгийг БХБЯ байгалийн дархан цаазат газар хэмээн хамгаалалтад авсан ч нүүрс тээврийн машин явж байна. Тиймээс нийслэл, аймаг, сум, дүүрэг газар олголт хийх нь зөв эсэхийг эргэж харна. Цаашид хоёр яам бодлогоо нэгтгэж, газар олголтыг цэгцлэх юм.
Зэрэгцэж ингэж газар олголт хийж байгаа нь зөв юм уу, энийгээ эргэж харая гэсэн үүднээс газар олголтоо цэгцэнд оруулая мөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулая гэсэн үүднээс хууль эрх зүйн шинэ орчныг бий болгон нутагшуулах шаардлага бий болоод байгаа юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна.
Үерийн даланг сэтэлж барилга барьсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ. Гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ.
Хуулийн төсөлд газар олголтыг цэгцтэй зохион байгуулах, замбараагүй олгогдсон газруудыг эргэн харах, цуцлах, нөхөн олговор олгох гэх мэт суурь харилцааг шингээсэн төсөл өргөн барих үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Газрын харилцааг зохицуулж буй Геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд харьяалж ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг мөн өглөө.
Хууль эрх зүйн шилжилттэй холбоотой Нийслэлийн засаг даргад шинээр газар олголт хийх захирамж гаргахгүй байх талаар үүрэг даалгавар өгсөн. Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэр газар, ой усны сан хамгаалалтын бүсэд хууль тогтоомж зөрчиж газар олгож, эзэмшиж барилга барьсан асуудлыг судалж хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагуудад шалгалтын ажил зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолын 4-р заалтаар үүрэгжүүллээ. Үер усны гамшгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан.
Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд баригдаж, усны урсцыг хумьж, далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг учруулсан ААН-үүдээс иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг албан тушаалтнуудад үүрэгжүүллээ. Жишээ нь “Авлига хороолол”-ын асуудлаар БХБ-ийн сайд, Байгаль орчны сайд нар голын ай сав газрын хамгаалалтын бүсийн хязгаарыг өөрчилсөн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Дунд голын усны урсцыг боомилж хязгаарласнаас болж ойр орчимдоо үер ус хальсан талаарх дүгнэлтийг онцгой байдлын шинжээчид гаргана.
Жишээ нь зүүн талд байрлах “S outlets” түр зөвшөөрлөөр барьсан хэрнээ уг зөвшөөрлөө барилга барих зөвшөөрөл болгож, Сэлбэ голыг 2-3 метр болгож хавчсанаас үер болсон нь хүн бүрт илэрхий харагдаж байна. Үүнийг мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ гарган, учирсан хохирлыг Засгийн газар прокурорын байгууллагын хуульд заасны дагуу УЕП-т “ийм хэмжээний хохирол учирчээ, төрийг төлөөлж эдгээр ААН-ээс учруулсан хохирлыг нэхэмжлэх талаар иргэний эрх зүйн хор уршгийн харилцааг үүсгэ” гэдэг асуудлыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн.
Мөн гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ.