Зунжин үргэлжилсэн наадам татрав. Улс төр ч, ажил ч буцалдаг намрын "халуун" өдрүүд эхэллээ.

Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ зуны их найр наадмын дундуур, наймдугаар сарын эхний тав хоногт АНУ-д хийсэн айлчлал дотоод, гадаадын анхаарлыг багагүй татсан. Одоо ч хэвээр байна.

Манайхан яахав, Засгийн газрын хуралдаан дээр нь яригдсанчлан Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бататгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Айлчлалын дүнгээр “Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан. Энэ айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болгожээ.

Мөн Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцэнэ.

Хамгийн гол нь ковид, дайны улмаас дэлхийн эдийн засаг, геополитикт өөрчлөлт явагдаж буй энэ цаг үед Ерөнхий сайд АНУ-д айлчилсан нь олон улсын анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ-ын дундах "жижигхэн" Монгол Улсын Ерөнхий сайдын байр суурийг гадаад ертөнц нэлээд сонирхжээ.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ АНУ-д очоод ОХУ, БНХАУ-ын талаар юу гэж ярьсан нь бидэнд ч сонирхолтой, хамаатай юм. Айлчлалын үеэрх уулзалтууд дээр ч Ерөнхий сайдын энэ талаарх байр сууриуд яригдаж, энэ хэрээр түүний олон улсын нэр хүнд нэлээд өссөнийг зориуд хэлэх хэрэгтэй.

Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Washington Post" болон бусад олон хэвлэлд ярилцлага өгсөн. Тэгэхдээ хоёр хөршийн талаарх байр суурь болон геополитикийн асуудлаар тун "өвөрмөц" хариултыг өгсөн байна.

Тэрбээр БНХАУ, АНУ-ын талаар "Хоёр том гүрний дунд хүйтэн дайн үүсвэл дэлхийн эдийн засагт урт хугацаанд хохирол авчирна. Тийм шинэ хүйтэн дайн өмнөхөөс хүнд болно. Тиймээс эцэг эх салахад хүүхэд хүнд байдалд ордог шиг шахалтад бусад улс орныг оруулж болохгүй" гэсэн юм.

Мөн ОХУ-ын тухайд "Дайнд энгийн бизнесмэн, энгийн иргэдийг гадуурхахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би яасан гэж уран гулгагч Валиеваг үзэн ядах ёстой гэж. Тэр охин яагаад дайны буруутан болох ёстой юм бэ. Ковидоор ази хүмүүс бүхэлдээ буруудсаныг ч би ойлгоогүй. Үүн дээр тэнцвэртэй хандахгүй бол дайн улам сунжрах болно" гэв. Хятадад айлчлах үеэр яригдсан X Богдын асуудлаар хэлэхдээ "Богд бол манай дотоод асуудал, харин Төвд бол БНХАУ-ын дотоод асуудал юм" гэсэн.

Түүнчлэн "Ер нь Монгол Улс дотоод хэрэгтээ аль ч улсыг оруулахгүй. Яагаад гэвэл бид ардчилсан тогтолцоотой. Засаглалын хувьд хоёр хөршөөсөө ялгаатай. Тийм боловч бидний сонгосон хөгжлийн зам, манай улсын иргэдийн сонгосон засаглалын хэлбэрийг хоёр хөрш хэзээ ч шүүмжилж байгаагүй" гэж хариулсан юм.

Дашрамд хэлэхэд, энэ айлчлалаар ч, "Welcome to Mongolia" арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулсан. Энэ уриан дор Монголдоо Эдийн засгийн форумыг зохион байгуулсан. Нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн. Бас CNN, "Financial Times", "Wash­ington Post" зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл дамжуулсан.

Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байгаа гэсэн статистик байна. Манай ДНБ эхний хагаст +6.4-тэй гарч, инфляци долдугаар сард 9.2 болж, нэг оронтой тоонд багтлаа. Үүгээрээ бүс нутагтаа тэргүүлэв.

Товчлоод хэлэхэд, Монгол Улс ингэж олон улсын анхаарлын төвд орж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд ч богино хугацаанд гадаад талдаа танигдаж байна. Ийм тохиолдол урьд нь бидэнд ирж байсангүй билээ.

 

Б.БУЛАГ