Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дэд дарга С.Ганбаатар нар "Хөх Монголын хөх туг буюу Монгол ялна" чуулга уулзалтыг АН, МоАХ-ы гишүүд, дэмжигчдийг хамруулан, орон нутагт зохион байгуулж буй. Энэ үеэрээ тэрээр АН-ын нэр, лого, тугийг солих шаардлагатай эсэх талаар намын гишүүдтэйгээ санал солилцсон гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор түүнийг шинэ нам байгуулах гэж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр тарлаа.

 

Үнэхээр тэгэх гэж буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг ч Х.Баттулга хүссэн бололтой. Гэвч АН-аас гарч, шинэ нам байгуулах явдал бол түүний Б хувилбар, нөөц төлөвлөгөө аж.

 

Ер нь ч шинэ нам байгуулах гэж буй мэт аашлах, тэр бүү туслахуудаараа шинэ нам байгуулуулж, өөрөө уг намдаа орно хэмээн намынхаа удирдлагуудыг шантаажилж, УИХ-ын сонгуулийн тойрог авах нь АН-ын лидерүүдийн дунд хэвшсэн жишиг. Тэднээс ялгаатай нь Х.Баттулга бол өндөр нэр хүндтэй, том улс төрч. Энэ ч утгаараа шантааж нь ч том байж таараа. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга АН-ын удирдлагуудаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших 60 тойргийн квот нэхжээ.

Үүний 15 нь намын нэрсийн жагсаалтын эхэн хавьд байх, 45 нь мажоритар, ингэхдээ хүссэн тойргоо авах нөхцөлтэй юм гэнэ. Хэрэв энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бол тэрээр шинэ нам байгуулах буюу парламантед суудалгүй бусад намуудыг нэгтгэсэн эвсэл байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох юм байна.

АН-ын дарга Л.Гантөмөр түүнд тодорхой хариу өгөөгүй байгаа ажээ.

 

Э.Мягмар

sonin.mn