Сонгуульд зориулж төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2024 оны дөрөвдүгээр сард 10 хувиар нэмэх гэж байна
2023/10/09
ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид 2024 оны Төсөв, мөнгөний бодлогын асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс 2024 оны төсвийн төсөлд шинжилгээ хийснийгээ танилцуулав.
Тэрбээр "Засгийн газраас 2024 оны улсын төсөв өргөн барихдаа зарлагыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 27.1 их наяд төгрөгөөр тооцсон нь сонгуульд зориулан бэлдсэн гэсэн үг.
Ирэх оны төсөв УИХ-ын тавдугаар сарын 31-ний өдөр баталсан "2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл"-д огт нийцээгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал тус хуулийн 3.7-д "төсвийн төсөл боловсруулах, батлах, батлуулсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ" гэж заасан байдаг.
Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд заахдаа нэгдсэн төвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 21.1 их наяд байхаар, нийт зарлагын хэмжээг 22.1 их наяд байхаар зааж өгсөн. Гэтэл 2024 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25.2 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн. Харин нийт зарлагын хэмжээг 27.1 их наяд төгрөг буюу 19 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2024 онд 74 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Энэ нь Монголбанкны мөнгөний бодлогын чиглэлд туссан хэмжээнээс гурван их наядаар их юм.
Монголбанк 2024 онд инфляцыг найман хувьд барих тооцоолол хийж байгаа. Гэтэл Засгийн газрын төсөв нь гурван их наядын зарлагатай орж ирэх нь Монголбанкны инфляцыг нэг оронтой тоонд барих бодлогод орон зай үлдээхгүй байна. Энэ нь манай улсын төсвийн бодлого болон төв банкны мөнгөний бодлого хоорондын уялдааг бага байгааг нотолж байгаа юм.
2024 оны төсвийн зардалд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас эхэлж 10 хувиар нэмэх гэж оруулсан байгаа нь сонгуульд зориулсан арга хэмжээ юм.
Учир нь сонгууль болохоос хоёр сарын өмнө иймэрхүү нэмэгдэл хийж байгаа нь төсвийн дарамтыг дунд, урт хугацаанд нэмсэн. Мөн нийт иргэний худалдан авах чадварыг таван хувиар бууруулах аюул учирна.
Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг 3.89 их наядаар төлөвлөсөн байна. Үүнийг энэ оны төсөвтэй харьцуулахад 20 хувиар нэмэгдэж гарсан тоо. Сонгуулийн жилд зориулж их хэмжээний төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь Засгийн газрын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийх, зээл авах, жижиг дунд үйлдвэрийг ажиллуулах төсөл бус зөвхөн төсвөөс дамжуулж эдийн засгийг удирдах, зах зээлийн бус төвлөрсөн бус дэд бүтцийг хэвээр хадгалдаг, сонгуулийн тойрог усалдаг төсвийн төсөл оруулж ирсэн нь ажиглагдаж байна.
Ирэх оны төсвийг эрх баригчид хуульд заасан зарчим, хязгаарыг хэт их тэлж, инфляцыг хөөрөгдүүлэх, гадаад болон дотоод тэнцвэрийг алдагдуулах тооцоолол хийжээ" хэмээн ярив.
Мөн 2024 оны төсвийн зардлыг танаж, алдагдалгүй батлах шаардлагатай, бизнес хувийн секторыг дэмжсэн мөнгөний бодлого баримтлах, сонгууль угтсан түр зуурын халамжийн бодлого бус ур хугацаанд үр дүнгээ өгөх төслүүдийг санхүүжүүлэхийг уриаллаа.
Зочин · 2023/10/09
SHAALGN8P955I77
Зочин · 2023/10/09
Ахмадуудаа яагаад ингэж ялган гадуурхаад байнаа Өндөр тэтгэвэрийг ихээр нэмээд доод тэтгэвэрээ 50 хан мянга нэмэж муухай ялгалаа даа
Зочин · 2023/10/09
24 оны 4 сар хүртэл улны 550 мянгын доод тэтгэвэр авдаг хөгшид чинь нэг хэсэг нь нүд аних нь байна Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг одоо хурдан бага ч гэсэн нэмээд өгөөч МАН минь
Зочин · 2023/10/09
S XNDE80955877
Зочин · 2023/10/09
Отгоо багш сонгуулийн суртчилгаандаа явсан номоо заруулсан оюутнууддаа оноо нэмж сайн дүн тавьдагаа больчих шударга бай багшаа намаа бод