Хүүхэд хамгааллын асуудал анхаарлын төвд орж ирэв
2023/10/12
Төр засаг өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулж ирсэн нь үнэн. Үүний уршгийг өнөөдөр бид нийгмээрээ амсаж байна.
Хар бараан, харгис хэрцгий хэргүүдийн дараагаар хөдөлж эхэлсэн нь харамсалтай ч Засгийн газар энэ асуудалд төвлөрч сайн хэрэг. Эхний ээлжинд Засгийн газраас хүүхдийн хүчирхийллийн асуудалд ялын бодлогыг чангатгахаар болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ "Хүүхдийн хүчирхийлэл болон хүний эрхтэй холбоотой асуудалд том хэмжээний дүгнэлт хийх цаг иржээ. 2024 оны төсөв хөрөнгө оруулалтын орон зай сайтай болсон. Хотыг камержуулалттай холбоотой цогц асуудал гаргаж тавиад шийднэ гэвэл миний хувьд тусална гэдгээ илэрхийлье. Энэ бүхэн хоёр талтай асуудал хэдий ч хүчирхийлэлтэй холбоотой ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Манай улсын шүүхийн процесс зөөлөн эрх зүйн орчинтой. Саяхан хүн алсан Махбал гэх нөхөр гарлаа л гэх юм. Ард түмний хүсэл эрмэлзэл шүүх шударга бус, иргэдэд хатуу, албан тушаалтанд зөөлөн хандаж байна гэх ойлголт 90 орчим хувьтай болчихсон байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн яаж чимээгүй байх билээ. Намайг шүүхэд нөлөөлөх гэж байна хэмээн санал хураалт хийж байхын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Нийгэм яагаад ингэж хараад байгааг том зургаар ойлгох хэрэгтэй болсон. Учир нь энэ бүхэн төрт ёсны асуудал болжээ. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд маш мэдрэмжтэй байх ёстойг ХЗДХ-ийн сайд болох гэж буй Б.Энхбаяр сануулсан" хэмээсэн.
Улмаар Засгийн тэргүүн шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг дуудан уулзаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдох ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, батлуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн төслийг боловсруулж, МАН-ын бүлэг эхний байдлаар дэмжин, өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Багц хуулийн төсөлд дөрвөн асуудлыг тусгажээ. Тодруулбал, Ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой Шүүх байгуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Шүүх байгуулах хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө.
Ингэснээр Эрүүгийн хуульд, энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох, өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох, бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг хийхээр болж байна. Түүнчлэн Засгийн газраас тун удахгүй Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина. Ингэхдээ Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ хүрээнд хүний эрхийн олон улсын байгууллагууд, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс холбогдох саналуудыг авч яаралтай өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2023/10/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh