Н.Учрал: Үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээлэл зэргийг нэгтгэсэн 10,000 хуудас материалыг АТГ-т хүлээлгэн өглөө
2023/11/03
АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд цугласан төрийн шийдвэр гаргалтын 10,000 хуудас мэдээллийг хүлээлгэн өглөө.
Тэрбээр “2023-2024 оны авлигатай тэмцэх жил болгосонтой холбогдуулан Шилэн ажиллагаа ажиллагааг ахалж ажилласан.
Өнгөрсөн хугацаанд нийт 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэсэн. Мөн 23 байгууллагын 550 гаруй багц мэдээллийг нэгтгэлээ.
Эдгээр мэдээллийг нэгтгэж боловсруулж, машинд уншигдах байдлаар shilen.gov.mn системд нэгтгэсэн. Ингэснээр богино хугацаанд шийдвэр гаргах бололцоотой болж байна гэсэн үг. Технологи авлига авдаггүй.
АТГ-т өнөөдөр 10,000 хуудас материалыг хүлээлгэж өгч байгаа. Үүнд
- 2008-2023 оны үе үеийн Нийслэлийн, дүүргийн Засаг дарга нарын газар олголтын мэдээлэл
- Барилга байгууламжийг улсын комисст хүлээж авсан нийт улсын комиссын дүгнэлт
- Тусгай хамгаалалттай газарт газар олголтын мэдээлэл
- Төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлсний мэдээлэл зэрэг нийт мэдээлэл
- Тендер худалдаан авах ажиллагааны зохих мэдээллүүд
- Тусгай сангуудын зарцуулалтуудыг бүх мэдээллийг нэгтгээд АТГ-т хүлээлгэж өгч байна.
АТГ ачаалалтай ажилладаг учраас энэ цугласан мэдээллийг инфографикаар, статистикт оруулаад ойлгомжтой хэлбэрээр хүлээлгэж өгч байгаа нь хурдан хугацаанд шийдвэр гаргахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.
Эдгээр мэдээллийг бүрэн бүтэн байдлаар нь, мэдээлэл хариуцагчдынх нь хүлээлгэж өгсөн зөвшөөрөлтэйгөөр хүлээлгэж өгч байгаа гол онцлогтой. Мэдэх эрхийг хангаж байгаагаараа онцлог. Би өнөөдөр хэн нэгнийг онцгойлж дуудах ёс зүйн болон хууль зүйн боломж байхгүй. Шилэн ажиллагаа явснаар төрийн албан хаагч нар итгэлтэйгээр ажил хийх боломжтой болсон" хэмээн ярилаа.