Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив. Улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолыг батлав. 

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Цэцийн гишүүнээс чөлөөллөө. 

Цэц есөн гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. 

Энэхүү зохицуулалтын дагуу УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан билээ.  

Л.Өлзийсайхан:

  • 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан
  • 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөхөөр,
  • 2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга,
  • 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  • 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын дарга
  • 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Э.Энхтуяа:

Түүний хувьд 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхдийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсжээ. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.

  • 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг,
  • 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч,
  • 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах,
  • 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн,
  • 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.

О.Мөнхсайхан

Тэрбээр 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. 

Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй.

  • 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан
  • 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байна.

О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг.

Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.